Өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгав. Тэрээр Монгол Австралийн харилцаа 2000 оноос хойш эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд ялангуяа уул уурхай, соёл боловсролын салбарт Австралийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг сайшаалаа. Түүнчлэн тус улсын Засгийн газрын тэтгэлэгээр Австралид манай төрийн албан хаагчид, иргэд, тэр дундаа ХЗДХ-ийн салбараас олон мэргэжилтэн суралцан бэлтгэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

Мөн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах, Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлэх, суралцангаа ажил хийх бололцоог илүү өргөтгөх чиглэлээр гэрээ хэлцэл байгуулах нь чухал байгааг танилцуулав. Түүнчлэн уул уурхай, ХАА-н салбарт Австралийн өндөр технологийг нэвтрүүлэх, хүний эрх, амар тайван, аюулгүй байдлыг хангасан Австрали улсын арга туршлагыг Монголд нэвтрүүлэх талаар хамтран ажиллах асуудлаар санал солилцов. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  монгол иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдалд анхаарсан бодлого гарган ажиллаж байна гээд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг сургах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.    Ноён Элчин сайд Ж.Лантри Монгол Австрали хоёр орны хувьд харилцааны олон боломжууд байгааг дурдаад С.Бямбацогт сайдын санал болгосон Австралид амрангаа ажиллах боломжийг  бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.  Үүний тулд эн түрүүнд виз, дүрэм журамтай холбоотой ямар өөрчлөлтүүдийг хийх вэ? гэдгээ хоёр талаасаа судлаж, энэ жил Монголд хийх Австралийн Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр дээрх асуудлыг нэг мөр ажил хэрэг болгох боломжтойг дурдав. Хэрэв энэ асуудал нааштайгаар шийдэгдвэл монголчууд Австралийн ХАА-н салбарын арга туршлагыг биечлэн судлах, тус улсад амрангаа ажиллах, орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж нээгдэнэ.

Мөн Австралид монгол оюутнууд гэр бүлтэйгээ хамт суралцах, хүүхдээ давхар сургах боломжийг  өргөжүүлэх талаар ч санал солилцов.  Ноён Элчин сайд сүүлийн үед Австралийн компаниуд Монголд хөрөнгө оруулах,  хамтран ажиллах сонирхол дахин сэргэж байгааг сонордуулаад энэ бүхэнд Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт, хууль эрх зүйн шинэтгэл, Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл байгуулсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв. Тэрчлэн ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж байгааг Австралийн Засгийн газар өндрөөр үнэлж байгааг уламжлав. Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт Австрали улсын Хууль зүй болон Дотоод хэргийн сайд нарыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьж байгаагаа Элчин сайдаар дамжуулан уламжлав.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод туслах, хамгаалах байраар хангах тал дээр Австралийн Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархаад энэ чиглэлээр илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.

Эх сурвалж: http://mojha.gov.mn