Бид тоймлоё, Та унш

2019.08.22 Пүрэв                                           22°C  2,672.74  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 


Манзушир хийдээс УБ руу агаараар зорчино 

Манзушир хийдийг түүхэн дурсгалт цогцолбор болгох төслийн хүрээнд Монголд анх удаа агаарын замын тээвэр буюу кабель машиныг нэвтрүүлэхээр боллоо. Кабель машин нь УБ-Манзушир хийд хүртэл 16.6 км үргэлжлэх ба 2025 онд ашиглалтад орох гэнэ. Цогцолбор ашиглалтад орсноор жилд 1.3 сая хүнд үйлчлэх боломжтой байна.

Кабель машин аюулгүй бас хурдан 
Уг машин нь 50 км/ц хүртэл хурдлах чадвартай ба урьдчилсан байдлаар 1 хүн ₮5 мянгаар үйлчлүүлэх үнийн тариф гаргаад байна. Дэлхийн анхны кабель машиныг 1940 онд Лондонд ашиглаж эхэлсэн байдаг.

Эрдэм дэлгэрүүлэх ариун орон 
Цогцолбор Манзуширийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн 3 хэсгээс бүрдэх ба бүтээн байгуулалтад нийт ₮270.1 тэрбум шаардлагатай. Үүний ₮37 тэрбумыг улсаас, үлдсэнийг нь хувийн хэвшил гаргах юм. Манзуширын хийдийн суурийг 1733 онд тавьсан ба нэр нь Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан гэсэн утгатай байна.


Байгаль дэлхийгээ баярлуулсан шийдвэр

ЗГ-аас 6 аймгийн 13 сумыг хамарсан өвөрмөц тогтоц бүхий гол, нуур, уулс оршдог 9 газрыг шинээр тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутаг 32.8 сая га боллоо. Мөн хууль зөрчиж ашигт малтмал олборлодог 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Зөвшөөрлөө цуцлуулсан ААН-ийн 11 нь Архангай аймгийн Цэнхэр сум, бусад нь Өмнөговийн Гурвантэст үйл ажиллагаа явуулдаг байжээ. 


Ажлын байран дээр дахин 1 осол гарлаа 

Шинээр баригдаж буй Сити молл хотхонд цахилгаанчны туслах хийж байсан 17 настай хүү 8/20-нд лифтны хонгил руу унаж нас барлаа. Осол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс үүдэлтэй болох нь тогтоогдсон ба НМХГ-аас тус компанид 2 удаа шаардлага хүргүүлж байжээ. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 50 гаруй хүн нас бардаг байна.


Амазоны түймэр 83%-р нэмэгджээ 

Дэлхийн хамгийн том ой болох Амазонд энэ жил түймрийн гаралт их байна. Хамгийн сүүлд 8/19-нд Амазонас, Рондониа мужид гарсан ойн түймрийн утаа 2700 км зайд тархсан ба судлаачид үүнийг ерөнхийлөгч Болсонарогийн оновчгүй бодлогын дүн гэжээ. Учир нь тэрээр ойг тахалж буй иргэдэд татвар ногдуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Амазон нь хүчилтөрөгч ялгаруулж, дэлхийн дулаарлыг удаашруулж буй хамгийн том ой юм.


Америкчууд Тайваньд байлдааны онгоц зарна 

Трамп Хятадын эсэргүүцлийг үл тоон Тайваньд $8 тэрбумын онгоц худалдах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь Тайвань, Америкийн 40 жилийн хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том наймаа юм. Үүнээс болж Хятад, Америкийн харилцаа улам муудах магадлалтай байна. Учир нь Хятадын тал уг наймааг тусгаар тогтнол, дотоод сонирхлыг нь дорд үзсэн хэрэг гэж үзжээ. 

Таны сонорт


Image result for sunny icon Өнөөдрөөс бороо хур татарч, ихэнх нутгаар дулаарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр