БОАЖЯ-ны сайд болон Хотын даргын хамтарсан тушаалаар энэ сарын 14-нд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа.

Журамд Агаарын тухай хууль, Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай тогтоолын  хэрэгжилтийг хангах, талуудын эрх үүргийг тусгаж өгчээ. 

Тухайлбал, журамд сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг зохицуулахаар тусгаж, үйлдвэрлэлийг ЭХЯ, нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг НЗДТГ хариуцахаар тусгасан байна. 

Мөн халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг НЗДТГ-аас олгоно. 

Харин түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, зөвшөөрлийг тухайн хороодын Засаг дарга нарын тодорхойлолтод үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор заажээ. 

Хяналтын арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга,  улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчид, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран хэрэгжүүлнэ. 

Хяналтын хүрээнд гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож ажиллах юм. 

Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээ, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлах, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хуульд нийцүүлэхэд оршиж байна.