Гаалийн ерөнхий газрын байцаагчид адууны өлөн гэдэс хилээр гаргахыг завдсан хэргийг таслан зогсоожээ.

Өнөөдөр Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны машиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай, нийт 560 кг адууны өлөн гэдэс гаргахыг завджээ. Адууны өлөн гэдэс нь тарифын бус хязгаарлалттай бүтээгдэхүүнд ордог учир хилээр хууль бусаар гаргахыг хориглодог аж.

Зөрчлийн тухай хуулийн 11.21.11-д Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг юм.

Эх сурвалж: udriintoim.mn