Бид тоймлоё, Та унш

2019.01.25 Баасан                                                -8°C   2,640.31  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Ажлаа хийгээгүй ч цалин авдаг төслийнхөн

Тусгай замын автобус буюу BRT төслийн баг 2 жилийн хугацаанд ямар ч ажил хийгээгүй хэрнээ $400 мянга буюу ₮1 тэрбумын цалин авчээ. НИТХ тэдний ажиллах гэрээг 3 сараар сунгаж, ажлаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг нь судална гэв.  

Төслийн багийнхан юу гэв?

Өнгөрсөн оны 6 сард ажлаа эхлүүлсэн ч сонгон шалгаруулалт болон төслийг удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор удааширсан гэлээ. Нийт 60 автобусны буудал барихаас тэд эхний ээлжид 15-ыг нь ашиглалтад оруулах ёстой юм.

BRT төслийн тухайд:

Төсөл нийт $274 саяын өртөгтэй ба 2020 он гэхэд бүрэн хэрэгжих учиртай ч өнөөдрийн байдлаар 1 ч автобусны буудал баригдаж эхлээгүй байна. Уг төслийн ТЭЗҮ 2008 онд гарч, санхүүжилт 2015 онд шийдэгдсэн ч экс хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилсан метротой давхацсан учир хойшилсон юм. Төслийн багийн гишүүдийн тоо, нэрс зэрэг нь тодорхойгүй байна.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэгдсэн төвтэй боллоо

Хятадын ЗГ-ын $30 саяын буцалтгүй тусламжаар баригдсан 250 хүүхэд хүлээн авах чадалтай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв нээгдлээ. Үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй ч ийнхүү 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой боллоо. БГД-ийн 20-р хороонд баригдсан уг төвийг барих ажил 2014 онд эхэлжээ.


10 настай хүү мориноос унаж, эрсджээ

Уг харамсалтай хэрэг он гарсаар болсон бөгөөд хүү морь хөлслөх үеэр унаж амиа алдсан байна. ЗГ-аас өвөл, хаврын хүйтний улиралд буюу 4 сарыг дуустал 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон юм. Энэ үед газар хөлдүү, зам харгуй халтиргаатай байдаг учир хүүхэд мориноос унаж, бэртэх, гар хөлөө хөлдөөх цаашлаад амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй ч болох эрсдэлтэй тулгардаг байна.


Венесуэл Америкаас дипломат харилцаагаа тасална

Трамп өрсөлдөгчийг нь дэмжсэнээс болж Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро дипломат харилцаагаа таслахаа мэдэгдэн, Америкийн дипломатуудыг 72 цагийн дотор эх орноосоо гарахыг санууллаа. Гэсэн ч Трампын шийдвэрийг Канад, Колумб, Бразил зэрэг улсууд дэмжин, Мадурогийн эсрэг байр сууриа илэрхийлээд байна. Мадуро улсынхаа ЭЗ-г доройтуулж, газрын тосоо үрэн таран хийсэн гэх шүүмжлэлд өртдөг бөгөөд 2018/5 сард ерөнхийлөгчөөр дахин сонгогдох үед нь Венесуэлийн иргэд болон Төв Америкийн орнууд эсэргүүцсэн юм.


Живхнээс хогийн ургамал устгадаг бодис илэрчээ

Францын эрүүл мэндийн агентлагийн судалгаагаар живхнээс хогийн ургамал устгадаг бодисоос гадна олон төрлийн химийн бодис илэрчээ. Эдгээр нь хүүхдэд сөрөг нөлөөгүй ч үнэр дарагч нь шээсээр дамжин хүүхдийн арьсанд харшил үүсгэдэг байна. Иймд ЗГ нь живх үйлдвэрлэгчдэд 15 хоногийн дотор уг асуудлаа цэгцлэхийг даалгасан бөгөөд шийдвэрлэж чадахгүй бол үйл ажиллагааг нь 6 сар зогсооно гэжээ.

Таны сонорт


Image result for car icon Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр