Бид тоймлоё, Та унш

2019.04.22 Даваа                                                11°C   2,636.40  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


Дахин нэг уурхайд осол гарч, 3 хүн нас барлаа

Налайхын Онцгой байдлын газарт 4/20-нд уурхайд нуралт үүсэж, 4 хүн дарагдлаа гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын 76 алба хаагч аврах ажиллагаа явуулсан ба 3 хүн амиа алдаж, 1 иргэн эмнэлэгт хүргэгджээ.

Ослын шалгаан тодорхой болсон уу?

Үгүй. Гэхдээ Хятад эзэнтэй гэгдэх тус уурхай хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн нь тодорхой байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайхад үйл ажиллагаа явуулж байсан бүх уурхайн үйл ажиллагааг 3/15-аас зогсоосон байжээ. Гэвч тус уурхай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар албаныхан ямар нэг тайлбар хийгээгүй байгаа ч уурхайн эзэн Хятадын 3 иргэн зугтсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Ажлаа мэддэггүй МХЕГ-аас болж иргэд амь насаа алдсаар байх уу?

МХЕГ нь “Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах…, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой” байдаг. Гэвч нэгэнтээ зорилгоо умартсан тус байгууллагын хариуцлагагүй байдлаас үүдэн Эко-Алтан Заамар ХХК-ийн далд уурхайд осол гарч 4 хүн, Төв цэвэрлэхэд хоолой задарч мөн 4 хүн хийнд хордон амь насаа алдсан юм. Үүн дээр КFC-д гарсан хоолны хордлогыг ч нэмж болно. Гэвч хамгийн хачирхалтай нь эдгээр бүх ослын эцсийн дүгнэлтийг урьдчилан сэргийлэх учиртай МХЕГ гаргадаг гаж тогтолцоо үйлчилж байна. Тэгвэл ажлаа мэддэггүй МХЕГ-т хэн хариуцлага тооцож, ажиллаж, хөдөлмөрлөж буй олон залуусын амь насыг аврах вэ?


Ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

Нийслэлийн хуурайшилт аюултай түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Хотын дарга 4/15-6/15 хүртэл ногоон бүсэд нэвтрэхийг хориглолоо. Ингэснээр амралтын газар, жуулчны баазууд ногоон бүс рүү машин нэвтрэхгүй байх шуудуу гаргаж саад тавих ба морин эргүүл иргэд явганаар зорчиж байгаа эсэхийг шалгах юм. Хуурайшилт их, салхи шуургатай байгаа энэ үед анхаарал болгоомжтой байж, цог, үнс нурмыг ил задгай хаяхгүй байж, өнжмөл өвсийг шатаахгүй байхыг ОБЕГ-аас сануулсаар байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн Богд ууланд 2 удаа түймэр гарч 10 гаруй га талбай шатаж, зуслангийн чиглэлд 17 байшин, 3 гэр түймэрт өртжээ.


Хакухо иргэншлээсээ татгалзах хүсэлт гаргасан нь үнэн

Их аварга хакухо М.Даваажаргал иргэншлээсээ татгалзах хүсэлт гаргасан тухай Японы хэвлэлүүд шуугьж эхэллээ. Учир нь тэрээр Японы иргэн болсноор зодог тайлсныхаа дараа багшлах, өөрийн нэрийн дэвжээг нээх боломжтой юм. Мөн их аварга бэртлийн улмаас зодог тайлах талаар бодож эхэлснээ Японы Asashi сонинд ярьжээ.  Хэрэв Хакухо иргэншлээ соливол түүний гаргасан бүх амжилт Японы нэр дээр бичигдэх юм. Тэрээр одоогоор мэргэжлийн сүмогийн эзэн хааны цомыг 42 удаа хүртээд байна.  


Хүлэмжийн аж ахуй Хятадын мэдэлд орсон уу?

НИТХ-ын дэмжээгүй 50 гад хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг Хятадын компанид олгох асуудлыг Хотын дарга дангаар шийдвэрлэж, зөвшөөрөл олгосон гэж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдэгдлээ. Энэ нь дотоодын аж ахуй эрхлэгчдийг дампууруулж, хүнсний аюулгүй байдал алдагдан, хөрсийг химийн бодисоор хордуулах эрсдэлтэй гэнэ. Мөн 50 га гэдэг нь УБ-ын нийт хүлэмжийн аж ахуйн 90% юм. Иймд Төрийн өндөрлөгүүд болон Хотын даргад 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дотоодын аж ахуй эрхлэгчдэд олгох 5 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж, биелүүлэхээс татгалзвал орон даяар тэмцэнэ гэлээ.


Японд хулгайчдыг AI технологиор илрүүлж байна

Хулгайчдыг үйл хөдлөл, биеийн хэлээр нь илрүүлдэг VaakEye гэх AI программыг 3 сараас хойш Японы 50 дэлгүүрт ашиглаж эхэлжээ. Үүнийг хяналтын камерт суурилуулснаар сэжигтэй үйлчлүүлэгчийг автоматаар илрүүлж дэлгүүрийн ажилтанд мэдэгддэг байна. Уг программын сарын төлбөр $162 ба 81%-ын баттай мэдээлэл өгдөг гэнэ. VaakEye-ын ачаар Японы дэлгүүрийн хулгайн гэмт хэргийн хохирол 77%-р буурчээ.

Таны сонорт


Image result for bus icon Налайхын замын засвартай холбоотойгоор Нийтийн тээвэрт өөрчлөлт орлоо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр