Улсын Онцгой комисс 2021 оны 02 дугаар сарын 20-ны бямба гаригт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав.

Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД19 халдварт цар тахлын тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг   аж ахуйн нэгжийн дийлэнх  буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.

Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны 02 дугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр/2020.02.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв. Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр түвшинээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР”өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.

Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм. Нийтлэг түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг  2021оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.