Манай хойд хөрш Оросуудын өөрсдийнх нь нэрлэдгээр “Аугаа эх орны дайн” буюу хүнтөрөлхтний түүхэнд бичигдсэнээр Дэлхийн II дайн нь 1941 онд эхэлсэн бөгөөд үүнээс хойш цаг хугацаа дуунаас хурдан нисэх онгоц шиг өнгөрч 80 жилийг ардаа орхижээ. ОХУ (хуучин Зөвлөлт холбоот улс) нь Адольф Гитлерээр удирдуулсан Герман болон тэдний холбоотон Итал, Японы эзлэн түрэмгийлэгчдийг бутцохиж Дэлхийн II дайнд 1945 онд ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.  Аугаа эх орны энэ дайны үед ОХУ-ын цэрэг дайчид, энгийн иргэд, хүүхэд багачууд нийт 27 сая  хүн амь эрсэдсэн байдаг.

Оросууд Аугаа эх орны дайны ялалтыг жил бүрийн Тавдугаар сарын 9-нд улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хаврын тухайд, тус улсын Ерөнхийлөгч В.Путиний ивээл дор өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан амь эрсэдсэн 27 сая хүн болгоны тоогоор мод тарих кампанит ажлыг гуравдугаар сарын 18-наас үргэлжлүүллээ. Дашрамд тодотгоход, энэ ажлын албан ёсны санаачлагчид нь Бүх Оросын "Ялалтын сайн дурынхан" олон нийтийн хөдөлгөөн, “Ялалтын командлагчдын сан” юм. ОХУ-ын Ойн газар, Байгалийн нөөц, байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр тус улсын өнцөг булан бүрт иргэд оршин суугаа газартаа, алтан амиа алдсан 27 сая хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж нийт 27 сая мод шинээр суулгах хөтөлбөрт оролцож байгаа ба энэ кампанит ажил нь “Дурсгалын цэцэрлэг” гэсэн нэртэй аж. Сар гаруйн дараа Тавдугаар сарын 9-нд тэмдэглэх  Ялалтын баяр гэхэд 27 саяын тоонд хүргэж мод тарьсан байхаар төлөвлөсөн ажил Орос орон даяар маш амжилттэй өрнөж байна.

Зураг дээр:  Манай Увстай хил залгаа оршдог ОХУ-ын БНТува улсын  сайн дурынхан Кызыл хотноо “Дурсгалын цэцэрлэг”-т мод тарьж байна. Одоогоор Тувачууд 4595 суулгац тарьжээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn