1787 онд баталсан Америкийн Үндсэн хуульд зааснаар ирэх XI.3-ны мягмар гарагт тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэ 2020 оны сонгууль нь 57 дахь удаагийнх. БНН-аас нэр дэвшигч, АНУ-ын 45 удаагийн буюу одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп сонгуульд хоёр дахь удаа ялбал “45 дахь удаагийн Ерөнхийлөгч” гэсэн тодотгол гуншингаа хадгалж үлдэнэ.

Харин 1960-аас өнгөрсөн 2016 оных хүртэлх Ерөнхийлөгчийн 16 удаагийн ээлжит сонгуулийн ялагчийг дараалан бүгдийг нь урьдчилж зөв таасан профессор Аллан Лихтманы шинжлэх ухааны “The 13 Keys to the White House” хүснэгтдээ тулгуурлаж урьдчилан 2020.VIII.7-нд тааварлан хэлснээр АН-ын нэр дэвшигч Жо Байдан ялбал АНУ-ын түүхэн дэх 46 дахь Ерөнхийлөгч болж шинээр тодрох юм.

Америкийн улстөр дээдсээс өвөлсөн малчин заяатай бид мэтийн заримд нь ойлгоход жаахан түвэгтэй. Тухайлбал тус улсын Ерөнхийлөгч нь манайхаар Х.Баттулга шиг төрийн тэргүүн атлаа У.Хүрэлсүх шиг Ерөнхий сайдын ажлыг бас хийж байгаа нь хачин. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Майкл Помпеогоо Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео гэж нэрлэх нь бас хачин. Иймэрхүү хачин зүйл олон байгаагаас “Монгол ардын ертөнцийн гурав”-т багтмаарыг нь онцлон доор толилуулъя.

--- Америкт ердөө 270 саналаар Ерөнхийлөгч болдог нэг хачин

--- Аллан Лихтманы хэлсэн нэр дэвшигч Сонгуульд ялдаг нэг хачин

--- Арваннэгдүгээр сард ялсан атлаа дараа онд Тангараг өргөдөг нэг хачин.

Эдгээр гурван хачнаас эхний хачин дээр нь тогтож ярья. Америкийн сонгуулийн хуульд хэрэглэдэг “Electoral College” гэсэн нэр томьёог ойлгоход дөхөм болгож “Төлөөллийн сагс” гэж хялбаршуулан монголчиллоо. Ингэхэд 538 ямар учиртай тоо бол? АНУ-ын муж бүрээс Конгресст сонгогдсон хоёр, нийт 100 сенатч, түүн дээр Төлөөлөгчдийн танхимд  сонгогдсон нийт 438 төлөөлөгчийн тоог нэмэхэд гардаг нийлбэр. Тус улсын хууль тогтоох байгууллага, манайхаар УИХ нь Конгресс бөгөөд хоёр танхимтай. Дээд танхим - Сенатад 50 муж улс бүрийг төлөөлөн (хүн амын тоог үл харгалзана) хоёр сенатч, харин доод танхим - Төлөөлөгчдийн танхимд 50 муж улсын хүн амтай шууд пропорционал тооны төлөөлөгч сонгогддогийг бид мэдэх билээ.

Тэгвэл “Electoral College” буюу “Төлөөллийн сагс” гэдгийг хэрхэн ойлгох вэ? Америкийн БНН, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн авсан саналыг муж бүрээр тоолоход сонгогчдын 50 хувь дээр нэмэх 1 саналаар тухайн муж дахь ялагч тодорно.  Ингээд тус мужаас Конгресст сууж буй сенатч, төлөөлөгчдийн нийт тоо хэд вэ гэдгийг харна. Энэ тоо нь “Төлөөллийн сагс”-анд багцлагдах санал гэсэн үг. Тухайлбал, 39 сая хүн амтай Калифорни мужид Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон сонгогчдын дийлэнх санал авч ялсан нэр дэвшигч нь Конгресст суугаа, тус мужийн төлөөлөл нийт 55 улстөрчийн тоотой тэнцүү саналыг өөрийн болгож байгаа хэрэг. Харин нэг сая хүрэхгүй хүн амтай Аляска, Хойд Дакота, Өмнөд Дакота, Делавэр, Вермонт, Монтанагаас Конгресст тус бүр гурван төлөөлөл байгаа учраас эдгээр зургаан мужид бүгдэд нь ялсан Ерөнхийлөгчид нэр дэвшигч 3+3+3+3+3+3=18 саналыг “Төлөөллийн сагс”-андаа оруулна. Энэ мэтчилэн сонгуульд ялсан муж бүрээсээ өөр өөр тооны санал цуглуулсаар нийт 538-аас 270-д болон түүнээс олон тоонд хүргэсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялдаг хууль дүрэмтэй. Ер нь  “Electoral College” буюу “Төлөөллийн сагс”-анд нийт 538 санал байгаа, хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 270-аас олныг цуглуулснаар АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж ойлговол зохистой.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч аль мужид ялахад “Electoral College” - “Төлөөллийн сагс”-анд хэдэн санал цуглуулахыг доор танилцуулъя.

  • Айдахо -4
  • Айово -6
  • Алабама -9
  • Аляска -3
  • Аризона -11
  • Арканзас -6
  • Вайоминг -3
  • Вашингтон -12
  • Колумбын тойрог -3
  • Вермонт -3
  • Виржини -13
  • Баруун Виржини -5
  • Висконсин -10
  • Калифорни -55
  • Канзас -6
  • Хойд Каролина -15
  • Өмнөд Каролина -9
  • Кентакки -8
  • Колорадо -9
  • Коннектикат -7
  • Хойд Дакота -3
  • Өмнөд Дакота -3
  • Делавэр -3
  • Иллиной -20
  • Индиана -11
  • Лүизиана -8
  • Массачүсэтс -11
  • Миннэсота -10
  • Миссисипи-6
  • Миссүри-10
  • Мичиган-16
  • Монтана-3
  • Мэйн-4
  • Мэрилэнд-10
  • Небраска-5
  • Невада-5
  • Нью Жерси-14
  • Нью Йорк-29
  • Нью Мексико-5
  • Нью Хэмпшир-4
  • Охайо-18
  • Оклахома-7
  • Орегон-7
  • Пенсилвани-20
  • Род-Айленд-4
  • Теннисси-11
  • Техас-38
  • Флорида-29
  • Хавай-4
  • Юта-6