Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа Европ тивд эхэлснээс үүдэж Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон XI.5-ны пүрэв гаргаас XII.2-ны лхагва гаргийн хооронд бүтэн нэг сарын хорио цээрийн карантин Англид тогтооно гэж зарлалаа. Товлосон хугацаа нь Нэгдсэн Вант улсаас зөвхөн Англид хамааралтай бөгөөд харин холбооны бусад Хойд Ирланд, Уэльс, Шотланд улсын эрх баригчид Ковид-19-тэй холбоотой хязгаарлалтыг бие даан тодорхойлох ажээ. Англид карантины үеэр иргэдэд зайлшгүй шаардлагатай эд зүйл зардаг дэлгүүрээс бусад худалдааны үйлчилгээний газрууд, мөн пааб, рестораныг хаахаар болжээ. Түүнчлэн иргэдийг бусдын байр орон сууцанд зочлон очихыг хориглосон байна. Харин хөлбөмбөгийн Английн премьер лигийн тэмцээнийг үргэлжлүүлж, тоглолтуудыг нэг ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд явуулахыг зөвшөөрчээ. Англиас гадна Германд XI.2-ноос XII.1 хүртэл, Австрид XI.3-ны мягмар гаргийн шөнө дундаас эхлэн шинээр карантин тогтоохоор болсон байгаа.