67.8 сая хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөгжлөөрөө Дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг Франц улсад Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш нийт 3.34 сая хүн халдвар авч, үүнээс 78965 нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Дашрамд хэлэхэд, хүмүүс Коровирусийн вакцины  хоёр тунг хийлгэж байж бие махбодод нь эсрэг биет үүсч дархлаа тогтох учиртай.

Монгол Улс  дахь Коронавирусийн цар тахлын халдварын вирус тээгчдийн анхдагч нь (2020 оны 3-р сарын 10-нд албан ёсоор бүртгэгдсэн) Франц улсын иргэн Дорноговьд үйл ажиллагаа эрхэлдэг “Бадрах энержи” компанийн ажилтан байсан ба манайхан өөрийн эх орондоо Ковид-19 вирусийн халдвар авсан эхний бөгөөд эцсийн хүн байх болтугай хэмээн хүсэмжилж Анх-Отгон гэж бэлгэдлийн монгол нэр өгч байв. Анх-Отгоны эх орон Францад Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг өнгөрсөн оны 12-р сарын 27-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.8 сая гаруй иргэндээ вакцины эхний тунг хийжээ. Эдгээрээс  ердөө 200 мянга хүн нь хоёр дахь тунг  тариулсан байна.

Францын вакцинжуулалтын журам дүрэм ёсоор эхний шатанд Асрах газруудын байнгын оршин суугчид, 75-аас дээш өндөр настнууд, түүнчлэн эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байгаа. Тус улсын Эрүүл мэндийн сайд Оливье Веран Коронавирусийн эсрэг “AstraZeneca” вакцины эхний тунг зурагтын камерын өмнө сууж тариуллаа. Түүнийг вакцин тариулж байгааг телевизийн BFMTV сувгаар Франц даяар шууд дамжуулав. Тэрбээр хэдийгээр 40-тэй  харьцангуй залуу боловч, эмч мэргэжилтэй тул эхний шатанд вакцин хийлгэх эрх үүрэгтэй ажээ. Оливье Веран сайд нь вакцин хийлгэсэн Францын Засгийн газрын анхны гишүүн гэдгээрээ онцлог юм.

 

Эх сурвалж: udriintoim.mn