2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа өргөдлөө өгч АН-ын даргаас чөлөөлөгдсөн С.Эрдэнэ өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай огт ярихгүйд маш их дургүйцэж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,  гишүүн Ц.Туваан нарт хариуцлага тооцно, АН-ын гишүүнчлэлээс хасна, өөрөөр хэлбэл хөөнө гэж мэдэгдлээ.

АН нь одоогийн парламентад  “Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно” гэсэн хуулийн дагуу Д.Ганбат, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Бейсен, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 11 гишүүн бүхий бүлэгтэй.

Экс дарга С.Эрдэнийн хүслээр болдог бол эхлээд АН-аас нэр дурдсан хоёр гишүүн хөөгдөж УИХ дахь АН-ын бүлэг 9 хүнтэй болох нь. Өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай үргэлжлэн яригдахгүй, нам жим байвал тэрбээр АН-ын шинэ дарга О.Цогтгэрэлийг намаас хасна гэж мэдэгдэх байх. Бүлэг 8 гишүүнтэй үлдэнэ. Өөрийнх нь нэр Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчид яригдах нь уу гэж хүлээнэ. Сураггүй байвал дараагийн алхам хийж эдгээр найман эрхмээс хэн нэгийг нь АН-аас хасна гэж мэдэгдсэнээр УИХ-д АН-ыг бүлэггүй болгоно гэсэн эцсийн сүрдүүлгээ хийнэ.

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг. АН-ыг бүлэггүй болгоно гэсэн С.Эрдэнийн энэ сүрдүүлгийн үзүүрийг нь хөөгөөд үзэхээр тэрбээр АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мөрөөдөж байгаа  нь тодорно. Ер нь түүнийг ингэж мөрөөдөхөд хэн хорих юм бэ. Хэн ч хорихгүй. С.Эрдэнэ улстөрийн “ичих булчирхай”-гаагаасаа болж ингэж жүжиглэж байхаар нөгөө цахимжсан нойлын модон жорлонгийн хөтөлбөр дэвшүүлсэн Ц.Оюунгэрэл шиг “Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж шууд зарлаж болмоор санагдах юм. Дашрамд онцлоход, Ц.Оюунгэрэл хатагтай, заавал АН-аас дэвшинэ гэж зарлаагүй шүү. Тэрбээр, парламентад суудалтай МАН, АН, Зөв хүн электорат эвсэл, Та бидний эвслийн аль нэгээс дэвших юмсан гэсэн мөрөөдлөө ил болгосон.

“Хулгайч л хулгайчаа бариарай гэж хашгирдаг” гэсэн эрт цагийн цэц үг бий. Эдүгээ цагт “АН-ыг жинхэнэ хагалан бутаргагч нь АН-ыг хагалан бутаргагчдыг намаас хөөнө” гэж хэвлэлийн бага хурал хийлгэхийг харлаа.

 Эх сурвалж: udriintoim.mn