Ардчилсан Нам хоёр хуваагдсан гэдэг худлаа. Хоёр тамгатай гэдэг бүр худлаа. Тус нам нь УИХ-ын гишүүн Ц.Туваанд хадгалагдаж буй 1117237845 дугаартай ганцхан тамгатай.

Харин Ардчиллын алтан хараацайнуудын нэг, иргэн С.Эрдэнээс өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Тамганы үйлдвэрээр хийлгэсэн тамга нь Бэлгэдлийнх. Тамганы үйлдвэрүүд Улсын бүртгэлийн газраас дугаар аваагүй бол тамга, тэмдэг хийх захиалга авдаггүй ажээ. Тийм учраас АН-ын сул гишүүн С.Эрдэнэ бэлгэдлийн АН-ын тамга хийлгэхийн тулд УБЕГ-т дугаар авах хүсэлт гаргажээ. Гэхдээ хүсэлтдээ, би Ардчиллын алтан хараацай, Монголын Ардчилсан холбоо, МоАН, АН-ын дарга хийж явсан тул бэлгэдлийн АН-ын тамгатай байх давуу эрхтэй гэж бичиж зүрхэлсэнгүй. Эцэст нь тамганы дугаар авахын тулд УБЕГ-ын байцаагчийн толгой эргүүлсэн баахан орооцолдсон үг өгүүлбэр бичжээ. Түүний санасан нь сэтгэлчлэн бүтэж УБЕГ-ын улсын байцаагч нар ямар ч тамга тэмдэггүй, төгсгөлд нь “дарга /гарын үсэг зурсан/ С.Эрдэнэ” гэж бичсэн нэг хуудас, хувь хүний хүсэлтийг ёсоор болгон бэлгэдлийн АН-ын тамга хийлгэхээр Тамганы үйлдвэрт захиалга өгөхдөө ашиглах 9020120477 гэсэн бүртгэлийн дугаар өгчээ.

Ардчилсан Нам нь УИХ-ын ээлжит 2020 оны сонгуульд парламентад олонх суудал аваагүй учраас АН-ын дүрэмд зааснаар С.Эрдэнэ нь тус намын даргаас чөлөөлөгдсөн байна. Тэгэхдээ өөрөө өргөдлөө өгч үйл явдлыг баталгаажуулжээ. УИХ-д намаа ялагдуулсан, өөрөө бас Баянгол дүүрэгт нэр дэвшээд унасан тэрбээр намын даргын ажлаас чөлөөлөгдөхдөө АН-ын тамгыг хайрцагтай нь хадган дээр тавьж УИХ-ын гишүүн Ц.Туваанд хадгалуулжээ. С.Эрдэнэ түүнд  АН-ын даргын сонгуулийг орон даяар гишүүдийнхээ дунд зохион явуулаарай, дараа нь Их хурлаа зарлан хийж, гишүүдийн олонхын саналаар шинээр сонгогдсон даргад гардуулж өгөөрэй гэж захьсан байдаг.

Ардчиллын алтан хараацайнуудын нэг, Ардчиллын “Чингис хааны одон”-т С.Эрдэнийн захиас өнөөдөр биеллээ олж АН-ын шинэ даргын сонгуульд нэр дэвшсэн дөрвөн улстөрчийн сурталчилгаа оргил түвшинд явагдаж байна. Нэр дэвшсэн С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нарын хэн нь АН-ын даргын сонгуульд ялагчаар тодрох нь Гуравдугаар сарын 28-ны ням гарагт шийдэгдэнэ. АН-ын 200 мянган гишүүн, татвараа төлсөн, коронавирусийн цар тахлаас үүдэж татвараа төлж амжаагүй байсан ч бүгдээр АН-ын даргын сонгуульд оролцож саналаа сонгуулийн цаасан хуудсаар, нууцаар санал өгөх эрхтэй юм.

Энэ сонгуулийн дараа удахгүй АН-ын ээлжит Их хурал болох бөгөөд энэ үеэр намын тамга хадгалагч, УИХ-ын гишүүн Ц.Туваан нь сонгогчдын олонхын санал авч шинээр сонгогдсон даргад АН-ын тамгыг хайрцагтай нь хадган дээр тавьж, гардуулан өгөх ажээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn