Гуравдугаар сарын 12-нд Английн “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Микел Артета коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж эхэлсэн. Тэр даруй Английн Премьер лигийн удирдлага тоглолтуудыг дөрөвдүгээр сарын 3 хүртэл хойшлуулсан бол дараа нь хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан билээ. Тэгвэл 37 настай испани мэргэжилтэн Микел Артета эдгэж, болсон явдлын талаар ийн ярьжээ.

“Би сайн, бие минь эдгэсэн. Эмчилгээ маш үр дүнтэй боллоо. Эмчилгээ эхэлснээс хойш 3-4 хоногийн дараагаар бие минь сайжирсан.

Тухайн мягмар гаригт бие минь зарайгаад эвгүй байсан тул клубынхээ эмчтэй уулзах гэсэн ч тааралдаагүй. Ингээд бэлтгэл хийлгэсэн. Бэлтгэлийн дараагаар клубын удирдлага над руу утасдаж, “Олимпиакос”-ын эзний шинжилгээний хариу эерэг гарсныг дуулгасан юм. Түүнтэй ойрын хоногуудад харьцсан бүх хүмүүс эрсдэлтэйд тооцогдож буйг хэлсэн.

Тэгэхээр нь би бие муу байгаагаа хариу хэллээ. “Олимиакос”-ын эзэнтэй зөвхөн би ч биш манай багийн зарим тоглогчид ч харьцсан тул их таагүй мэдээ болсон. Хэдхэн хоногийн дараа “Манчестер Сити”-тэй тоглох байлаа. Ингээд л олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд тоглолтыг хойшлуулах шийдвэрийг лигийн удирдлага гаргасан юм. Мэдээж, надтай тэр хоногуудад харьцсан бүх хүн тусгаарлагдаж, улмаар лигийн тоглолтуудыг ч цуцлахад хүрсэн” хэмээн Артета өгүүлжээ.

Р.Гэгээ