Америкийн ихэр залуус Алан, Алекс Стокес нар YouTube–бээр хүмүүст толилуулах өөрсдийн зохиосон адал явдалт киноны бичлэгээ Калифорни мужийн Ирвин хотод хийж байгаад өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 15-нд хууль сахиулах байгууллагад саатуулагдсан. 23-тай ихрүүд нь гэмт этгээдүүд бусдад танигдахгүйн тулд хэрэглэдэг хар баг өмсөж, цаначдын амны хаалт зүүж, задгай дэвсгэртийн ам.доллараар дүүргэсэн ууттай бэлэн мөнгө барьж тус хотын нэгэн банкны хаалгаар чавхдан зугтааж буй бичлэг хийж өөрөөр хэлбэл банк тоносон дээрэмчид болон жүжиглэж. Улмаар дуудлагын машин захиалж, жолоочийг нь барьцаалан явж киноныхоо үйл явдлыг цааш өрнүүлэх гэж оролджээ. Гэтэл ирсэн тахсины жолооч “жүжигчдэд" үйлчлэхээс татгалзсан байна. Тухайн үед тэнд явж байсан хөндлөнгийн гэрч “Багтай хоёр сэжигтэй этгээд “Uber" машины жолоочтой маргалдаж байна” хэмээн цагдаад дуудлага өгсөн байдаг. Алан, Алекс Стокес нарт ч энэ нь банкны дээрэмчдийг баривчлахаар машиныхаа дуут дохиог хангинуулан цагдаа нар ирж буй бичлэг хийх сайхан боломж болон хувирчээ.

Цагдаа нар киноны зураг авалтад оролцож байгаа гэдгээ анхнаасаа огт мэдээгүй жолоочийг шууд явахыг зөвшөөрч, харин ихрүүдийг түр саатуулж гавласан бөгөөд болсон үйл явдал нь бодит бус киноны хэсэг гэдгийг мэдмэгц тэднийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэн, киноны бичлэгээ үргэлжлүүлэхгүй байхыг, банк дээрэмдэж байгааг жинхэнэ бодитой гэж андуурвал бусдын болон өөрсдийнх нь амь үрэгдэж болохыг сэрэмжлүүлэн сануулж суллан явуулсан байна. Гэтэл дөрвөн цагийн дараа цагдаагийн газарт Калифорнийн Их сургуульд багтай хоёр сэжигтэй этгээд банк дээрэмдэж байна гэсэн дуудлага иржээ. Энэ нь Алан, Алекс Стокес нар өөрсдийн зохиолоор хийсэн YouTube-бийн киноны зураг авалтаа үргэлжлүүлж байгаа үйл явдал байв. Ихрүүд хүчний байгууллагаас сануулсаар байтал үгийг нь дагалгүй гэмт хэргийн чанартай үйлдлээ давтан үйлдсэн гэсэн үндэслэлээр баривчлагдан саатуулагдсан байна.

Калифорни мужийн Оранж-Каунти дүүргийн прокурор Тодд Спицер тэдний талаар хэлэхдээ, Хууль сахиулах байгууллагын ажилтан, цагдаа нар иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй. Хэн нэгэн 911 рүү /манайхаар 102 дугаар/ залгаж банк дээрэмдэж байна гэж мэдээлбэл шуурхай арга авч хүмүүсийн амь насыг хамгаалах ажиллагаа явуулдаг. Гэтэл ихрүүд нийгмийн сошиал ертөнцөд алдар нэр олж авах гэсэн оролдлого хийж, энэ нь иргэд, цагдаагийн алба хаагчдыг зохиомол эрсдэлд оруулан хуурамч дуудлагаас болж хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирох болзошгүй аюулд хүргэсэн гэж онцолж буй. Ихэр залуус Алан, Алекс Стокес нарыг YouTube-бийн кино хийх үеэрээ “хүчирхийлэл, сүрдүүлэг, залилан мэхлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа ба удахгүй тэднийг шийтгэхээр боллоо. Сайх хоёрт холбогдох гэмт хэрэгт дөрвөн жил хүртэл хорих ял оноодог хуулийн заалттай ажээ.

Эх сурвалж: udriintoim.mn