Монгол банкны удирдлагууд банкнуудад хийгдсэн активын чанарын үнэлгээ, улсын макро эдийн засаг, гадаад өрийн хэмжээ, ипотекийн зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Активын чанарын үнэлгээний дүнд “Банкууд ДНБ-ний хоёр орчим хувьтай тэнцэх хөрөнгийн дутагдалтай байгаа ч системийн үзүүлэлтүүд нь сайн байна” гэж Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэлсэн.

Манай улсын ДНБ өнгөрсөн оны байдлаар 20 орчим их наяд төгрөг байсан. Үүний 2 хувь гэж тооцоолбол банкнуудад 400 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал гарч байгаа юм. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээн дээр стресс тест нэмж хийхээр болжээ.

Харин гадаад өрийн үлдэгдэл 27.4 тэрбум доллар болж, өмнөх улирлаас 5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс Засгийн газрын өр 1.73 сая доллар болж 17 хувиар өссөн байна. Энэ нь шинээр босгосон Гэрэгэ бонд болон үнийн өөрчлөлтөөс шалтгаалсан гэж албаныхан тайлбарласан юм.

Манай улсад хөрөнгө оруулагчийн зээл хоёр хувиар буюу 129 сая доллараар өссөн. Энэ нь Засгийн газрын үнэт цаасны үнэ буурсан, moody’s агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсантай холбоотой

Орон сууцны ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогдож байгаа ба үүний 1.8 хувь нь чанаргүй зээлээр бүртгэгджээ. Энэ оны хувьд нэгдүгээр сарын байдлаар 497 зээлдэгчид 34.9 тэрбумын зээлийг шинээр олгосон гэж статистик хэлтсийн захирал Б.Батпүрэв хэллээ. Нийт зээлдэгчдийн ихэнх нь буюу 64.1 хувийг хоёр сая хүртэлх өрхийн орлоготой иргэд эзэлж байна.