Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэр дээр баригдаж буй барилгуудад хяналт шалгалт хийжээ. Нийт 327 ААН-д шалгалт хийхэд нийт 341 зөрчил илэрсэн байна.

Тухайн зөрчлүүдэд Зөрчлийн хуулиар нийтдээ 134 сая 850 мянган төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн зөрчил арилгах албан шаардлагыг тухай бүрт нь хүргүүлсэн талаар НМХГ-аас мэдээлж байна.

Зөрчлүүдээс дурдвал:

  • Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53%,
  • Дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29%,
  • Иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаагүй 60 буюу 18% зэрэг зөрчлүүд эзэлж байгаа аж. Жишээлбэл, ХУД-ын 11-р хороо “Хурд майнинг” ХХК, Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Санк” ХХК, ЧД-ийн 2-р хороо “АХХ мандал” ХХК, Баянзүрх дүүргийн 26-р хороо “Эко контракшн” ХХК, СХД 26-р хороо “Бумбат” ХХК, Баянгол дүүргийн 18-р хороо “Далан богд” ХХК зэрэгт зөрчил илэрсэн байна.

Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч н.Гантөмөр “2019-2020 оны байдлаар 214 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн. 2020 онд бүлэг ослын тоо нэмэгдсэн. Мөн технологийн горим зөрчигдсөнөөс барилгын талбай дээр гарсан ослын дуудлага 12 ирснээс 4 нь бүлэг осол байсан. Барилгын гүйцэтгэгч компаниуд Засгийн газрын 311 дүгээр  тогтоолоор батлагдсан дотоод хяналтын журмыг барьж, ажил олгогчийн үүргээ ухамсарлаж, ажилчдынхаа аюулгүй байдлыг ханган ажиллахад анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Эх сурвалж: udriintoim.mn