Бид тоймлоё, Та унш

2019.09.02 Даваа                               28°C  2,671.81  Эд мал баялаг төгөлдөр болно 

Чухлыг тоймлоё 


Э.Оюунболдын барилдах эрхийг хасахаар боллоо

Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж, допин хэрэглэсэн нь тогтоогдсон Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасаж, хүртсэн цол чимгийг нь хурааж, унасан бөхчүүдэд нь цол нөхөн олгох санал гаргалаа. Уг саналыг өнөөдөр Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлнэ. 

Тэгвэл хэнд, ямар цол олгох вэ? 

Улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын арслан Ц.Содномдоржид үлэмж бадрах чимэг, улсын харцага Д.Анарт улсын заан, улсын начин Б.Цэрэнсодномд улсын харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цол олгоно. Гэхдээ Э.Оюунболдын цолыг хураах, цол нөхөж олгох асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газар шийдвэрлэнэ. 

Э.Оюунболд шүүхэд хандсан уу? 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Оюунболд “сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр Үндэсний бөхийн салбар хороог шүүхэд өгсөн гэж мэдээлсэн. Харин Үндэсний бөхийн салбар хороо “Бидэнд одоогоор шүүхээс ямар нэгэн бичиг ирээгүй” гэлээ. Үндэсний бөхийн салбар хороо 8/26-нд Э.Оюунболдоос допингийн төрлийн 4 бодис илэрснийг нийтэд зарласан юм.


Автобусны картаа аваарай оюутнуудаа

Автобусаар зорчих оюутны хөнгөлөлтийн картыг 9/6-аас олгохоор боллоо. Их сургуулиуд 9/5 гэхэд карт авах оюутны хүсэлтийг Боловсролын газарт хүргүүлэх юм. Энэ жил нийт 14194 оюутанд карт олгох ба картын сунгалтыг 6 сар хүртэл хийнэ. Картын сунгалт хийлгэх оюутнууд сургалтын төлбөр төлсөн баримтаа авчрах ёстой байна.


Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье!

Он гарсаар 366 хүн ослоор амиа алдсаны 284 нь орон нутагт гарчээ. Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, УБ-т гарсан ослууд согтуурсан үедээ жолоо барьснаас үүдсэн байна. Иймд иргэд хурд хэтрүүлж, согтуугаар жолоо барихгүй байж өөрийн болон ойр дотны хүмүүс, өрөөлийн амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг ТЦА-аас уриаллаа.  


Улаанбурхан Европт газар авч байна 

Албани, Чех, Грек, Их Британи улсад энэ онд анх удаа улаанбурханы тохиолдол илэрсэн гэж ДЭМБ мэдээллээ. Харин Австри, Швейцарт сүүлийн 3 жилд улаанбурханы шинэ тохиолдол илрээгүй байна. Энэ онд Европт улаанбурханы тархалт 2 дахин нэмэгдсэн ба энэ нь эцэг эхчүүд нийгмийн сүлжээгээр вакцины талаар худал мэдээлэл авсантай холбоотой юм.


Удирдагчдыг нь баривчилсан ч жагсаал үргэлжлэв

Хонг Конгийн цагдаа нар 22-28 настай 3 иргэнийг жагсаал зохион байгуулсан, өдөөн хатгасан хэргээр 8/29-нд баривчилсан юм. Ийнхүү 8/31-нд жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй ч жагсагчид амралтын өдрүүдэд нисэх буудал, метроны буудал дээр тэмцлээ үргэлжлүүллээ. Улмаар нисэх буудал, метро, галт тэрэгний буудлын үйл ажиллагаа зогсоод байна. Жагсаалын улмаас 6 сараас хойш нийт 850 гаруй хүн баривчлагдсан юм.

Таны сонорт


Их, дээд сургууль, коллежийн оюутны дунд тэтгэлэг олгох уралдаан зарлалаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр