Би 1990 онд хошин шог өгүүллэгийн “Хэрэлдэх газар” нэртэй хоёр хэвлэлийн хуудас, анхны номоо гаргалаа. Тухайн үед  шар сонинууд хамгийн их уншигчтай, түүний дотроос “Халуун хөнжил” томчуудын орны гудсан доороос, албан тасалгааны ширээний шургуулгаас гар дамжин уншигдаж байв.  Миний номыг бүү хэл, орчин цагийн хошин шог утга зохиолыг үндэслэгч Ц.Доржготов гуайн бүтээлийг тоож хуудсыг нь сөхөх уншигчгүй болсон байв.

Жар гаруй мянган хувиар хэвлэгдээд борлуулагчдын цэгээс өдөртөө зарагддаг нэг шар сонины “Шинэ  ном” буланд “Хэрэлдэх газар”-аа сурталчлахаар боллоо.  Өөрөө өөрийнхөө номыг магтаж бичлээ. Монголын шинэ цагийн хошин шог үргэлжилсэн үгийн утга зохиолын төрөлд Цэндийн Доржготов, Жаргалын Барамсай, Шагдайн Цэнд-Аюуш нарын дараа орох залуу зохиолчийн анхны ном уншигчдын гар дээр очлоо гэх мэт үг, өгүүлбэртэй. Сониныг эрхлэн гаргагч нь миний найз. Тэрбээр, нэг “цэрэг”-ээ дуудаж, “Үг үсгийн алдаатай гаргав. Гарчиггүй юм байна. Чи гарчиг өгөөрэй. Маргаашийн дугаарт тавиарай” гээд бичсэн материалыг маань түүнд өглөө. Ингээд миний анхны номын баярыг хамтдаа тэмдэглэлээ.

Маргааш нь сонины шинэ дугаар борлуулагчаас худалдаж авлаа. “Шинэ ном”-оо уншлаа. “Шог зохиолч Б.Ерэнтэйгийн “Хэрэлдэх газар” ном хэвлэгдлээ” гэсэн гарчгийн дор миний бичиж өгсөн материалыг нийтэлжээ. Гэхдээ төгсгөлд нь автор (зохиогч) нь “Б.Ерэнтэй” гээд дурайж байна. Өчигдрийн ном угаалтын баяраас болж толгой тархи манарсан хэвээр байсныг хэлэх үү, ичсэндээ болоод ухаан алджээ. “Б.Ерэнтэй” гэсэн үг миний нүдний өмнө нэг ойртоод, нэг холдоод,.. ухаан орж байгаа бололтой. Сайтар анзаарвал, хоёр гурван хүн намайг Боловсролын Их сургуулийн автобусны зогсоолын сандал дээр суулгачихсан  нөгөө сонины дугаараар сэвж байх юм. Жаахан уужирлаа. Гэнэт толгойд бас нэг болгоомжлол гялсхийж гэрэл зурагт нь ямар тайлбар өгсөн бол, арай бас намайг баллаагүй  байгаа гэсэн айдас нөмөрлөө. “Зураг дээр: Баруун гараас шог зохиолч Б.Ерэнтэй. Б.Ерэнтэйгийн авсан гэрэл зураг” гэжээ. Зураг гэдэг үгийн төгсгөлийн “г”-г хамгийн сүүлд харснаа муухан санадаг юм. Дахиад ухаан алдаж ойчсон байсан.

Энэ удаад ухаан орохдоо анх муужрахдаа сэргэсэн автобусны зогсоолоос баруун тийш нэг буудлын зайтай Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн өмнөх сандал сууж байна. Ичсэндээ болж ухаан алдчихаад, автобусны нэг буудал газар гүйсэн баймааргүй юм гэж одоо ч эргэлзэж гайхдаг юм. Тэнд байсан хүмүүсээс энд яаж ирснээ асууж чадаагүй. Дахиад гуравдахь удаагаа ичсэндээ болж ухаан алдахаас болгоомжилсон. Гурав дараалан ойрхон ухаан алдах нь эрүүл мэндэд маш муу гэдгийг муухан гадарладаг байсны ач тус гарсан шүү.

2021.4.1. Улаанбаатар  хот. Б.Ерэнтэй.

_____Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов гуай, нийтлэлч Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шаг.Цэнд-Аюуш гуай, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Байды  гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр тэргүүтэй нийт хошин шогч уран бүтээлчдэд Инээдмийн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхны хүсэн ерөөе_____