Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн гишүүн 55 улсаас цар тахлын үеэр Аварга шалгаруулах тэмцээнээ /АШТ/ зогсоогоогүй зохион байгуулж буй цөөхөн орны нэг нь Белорусь. Тус улсын хөлбөмбөгийн Лигийн 3 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Нийт 16 баг өрсөлддөг тус Лигийн хүснэгтийг гурван хожилтой "Энергетик-БГУ" баг 9 оноогоор тэргүүлж, "Слуцк", "Ислочь", "Славия", "Торпедо-БелАЗ", "Витебск", "Минск" клуб 6 оноогоор шил даран удаалж байна. Лигийн 4 дүгээр тойргийн тоглолтууд ирэх амралтын бямба, ням гарагт болох хуваарьтай. Белорусийн хөлбөмбөгийн тоглолтыг ОХУ-ын “МАТЧ” тэргүүтэй Европын 12 улсын телевизийн суваг хөлбөмбөгөөр ангаж цангасан хөгжөөн дэмжигчдэдээ дамжуулан хүргэж буй.

Белорусийн Хөлбөмбөгийн холбооноос чансаагаараа Лигийн дараа ордог Нэгдүгээр болон Хоёрдугаар лигийн тэмцээнийг энэ 4 дүгээр сарын 18-нд эхлүүлэх шийдвэр гаргав. Ийнхүү Белорусь нь цар тахлын үеэр хөлбөмбөгийн АШТ-ээ бүх гурван шатны лигтээ зохион байгуулахаар боллоо. Ташрамд дурдахад, Европын өөр нэг улс Бельги нь цар тахлаас болж цуцлагдаад байсан хөлбөмбөгийн АШТ-ээ шууд дуусгаж, өнгөрсөн  хугацаанд авсан онооны үзүүлэлтээр нь “Брюгге” багийг аварга, “Генка” багийг дэд аварга гэж зарласан.