Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн гишүүн Англи, Испани, Герман, Итали, Франц тэргүүтэй тавь гаруй улс коронавирусийн цар тахлаас сэргийлж хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтуудаа зогсоогоод байгаа. УЕФА гишүүн улсуудын хөлбөмбөгийн холбоодод дотоодын лигийн АШТ-ээ зургаадугаар сарын 30 гэхэд дуусгаж аваргаа тодруулах чиглэл өгсөн. Харин Бельги улсын Хөлбөмбөгийн холбооноос энэ улирлын лигийн тэмцээнээ бүрэн дуусгалгүй одоогоор авсан оноог  нь харгалзан багуудыг байр эзлүүлэв. Ийнхүү Бельги нь хөлбөмбөгийн лигийнхээ үлдсэн тоглолтуудыг цуцалж АШТ-ээ өндөрлүүлсэн Европ тивийн анхны улс болов. Тус улсын дээд лигт нийт 16 байдаг бөгөөд нэг улиралд 30 тойрог тоглож, улмаар эхний зургаан баг нь аваргын алтан медалийн төлөө плей-оффод тойргоор өрсөлддөг дүрэмтэй юм. Энэ удаад коронавирусийн цар тахал хөлбөмбөгчдөд, цэнгэлдэхэд хүрэлцэн ирэх үзэгчдэд халдварлах эрсдэл гаргахаас сэргийлэн плей-оффын тоглолтуудыг цуцаллаа. Бельгийн Хөлбөмбөгийн холбоо одоогийн байдлаар хоёрдугаар байрын Гент багаас 15 онооны илүүгээр хүснэгтийг тэргүүлж явсан Брюгге клубыг лигийн аварга гэж зарлалаа. Мөн Гент багийг дэд аваргаар тооцож ирэх улирлын Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн урьдчилсан шатанд оролцох эрх олгов.