Б.ХИШИГБАТ

"Женнифер Лопесийн царайлаг найз залуу" хочтой явсан Бен Аффлек төд удалгүй Оскарын  шагналт кино зохиолч ("Сайн эр Вилл Хантинг"-1997), найруулагч ("Арго" ажиллагаа"-2012) болж  чадсан тул түүнийг хүссэн болгондоо залуу насандаа хүрч чадсан азтан гэх нь бий. Булган сүүлтэй  түүний араас дүү Кейси Аффлек нь энэ жил "Тэнгисийн эрэг дэх Манчестер" кинонд бүтээсэн  дүрээрээ мөн л "Оскар"-ын баримлыг гардсан билээ. Бен Аффлек саяхан "The Hollywood Reporter"  сэтгүүлд ярилцлага өгчээ.

-Нэг үе та тэр чигтээ кино зохиол бичих, найруулах ажилд өөрийгөө зориулснаар чамлахааргүй  амжилтад хүрч, ердөө дөрөв дэх киногоороо "Оскар" авч чадсан. Харин одоо та яг хэн бэ? Кино  бүтээгч үү, эсвэл жүжигчин үү?

-Би юу ч хийсэн 100 хувь өөрийгөө шавхахыг эрмэлздэг гэх үү дээ. Яг одоо миний хувьд эргээд  жүжигчний үе ирж байх шиг. Юутай ч ойрын гурван жил би Брюс Вэйн буюу Бэтмений дүрийг бүтээх  ажлаас салахгүй нь. Ямар сайндаа найз нар маань намайг хүүхдүүдээ том болтол Бэтмен байх нь  гэж цаашлуулж байхав. /Инээв/

-Та домогт супер баатрын шүтэн бишрэгчид хоёр хуваагдсан тухай сонссон байлгүй. Таны бүтээсэн  Бэтменээр бахархдаг хүмүүсээс эсрэг байр суурь баримтлагсдын шүүмжлэлийг хэрхэн хүлээн  авдаг вэ?

-Би чинь арванхоёр настайгаасаа кинонд тоглож эхэлсэн хүн. Бүхий л ухамсарт амьдралаа  камерийн өмнө өнгөрүүлж явна гэсэн үг. Гурав дөрөв дараалсан амжилтгүй киноны дараа намайг  жүжигчний хувьд дууссан гэх "онош" тавьсан нь бишгүй. Иймд би үүнд хэдийнэ дархлаа суучихсан  шүү. Бусдын саналыг үл хүндэлдэг гэж битгий ойлгоорой. Ер нь юу ч хийсэн хэн нэгэнд  таалагддаггүй л байхгүй юу. Иймд тийм хүмүүсийн үнэлгээг хэт анхаарвал алдаагаа засах мөнхийн  ажлаар өөрийгөө дэмий л дарах аюултай.

-Ер нь шүүмлэлд хэрхэн ханддаг вэ?

-Дүр бүтээж байгаа киноны найруулагч шүүмжилнэ гэдэг нэг хэрэг. Харин мэргэжлийн бус хүн чиний  ажлыг магтах юм уу, шүүмжилж байвал түүнд баярлаж гомдоод хэт их анхаарал хандуулсны  шаардлагагүй л гэж боддог.

-Ингэж бодлоо шулуухан хэлээд өөрийн фэнүүдийнхээ тоог эрс багасгах эрсдэлтэй бус уу?

-Би өөрийнхөө фэнүүдийн дийлэнхийг ухаалаг, өөрийн гэсэн бодолтой хүмүүс гэж үздэг тул  "Бэтмен"-д тоглосныг минь дуулиантайгаар шүүмжилж буйг үл тоомсорлохтойгоо гэж боддог. Ингэж  хэлснээрээ биеэ тоосон онгироо хүн гэж бас л шүүмжлэлийн бай болох байх даа. Энэ дүрийг бүтээх  болсны дараахан намайг бараг хүн бүр л, "Бен, амаргүй дүр шүү. Энэ дүрээс үзэгчид дэндүү ихийг  хүлээдэг юм" гэж анхааруулж байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Цуврал киноны аливаа баатрын  шүтэн бишрэгчид дүр бүтээх жүжигчин солигдохыг эмзэгээр хүлээн авдаг нь бараг л хууль. Даниэл  Крейг шинэ Жеймс Бонд болоход ямар их шүүмжлэлд өртлөө дөө.  Харин одоо түүнийг бараг л  хамгийн шилдэг "007" тагнуулч гэж байна шүү дээ. Юутай ч би Бэтмений дүрийг бүтээх бүрэн эрхтэй  гэдгээ цаг үргэлж нотлох шаардлага тулгарна гэдгийг ойлгодог. Үүнд ч бэлэн.

-Таны хүүхдүүд аавыгаа супер баатрын дүрд тоглохыг хараад маш их баярладаг байх даа?

-Сэмүэл хүү маань одоо дөрвөн настай, юм юмны захыг ойлгож мэдэрдэг болсон адтай нөхөр бий.  Түүний нүдэнд баатар-аав байх үнэхээр сайхан шүү. Гэхдээ бүх юм хоёр талтай гэдэг дээ. Хүү  маань хувцас нь төстэй учраас тэр үү, шуудан хүргэлтийн "Fedex"-ийн зарлага ирэх тоолонд, "Аав  аа, энд Жокер ирлээ!" гээд учиргүй баярлан хашгирдаг. Тэгээд би "Fedex"-ийн залууст цайны  мөнгөнд нь нэмж хорин доллар өгдөг дөө. /Инээв/

-Бэтмен таныг маш өөр болгосон. Ялангуяа "Алга болсон бүсгүй" кинонд бүтээсэн дүртэй тань  харьцуулбал. Супер баатрын дүрийг бүтээхэд хэрхэн бэлдсэн бэ?

-Солиотой юм шиг л төмөр өргөн спорт танхимаас бараг л гарахаа больсон. Гэтэл намайг богино  хугацаанд булчингийн хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд гормоны бэлдмэл уух болсон тухай бичиж  эхэлсэн. Үнэн хэрэгтээ би "Алга болсон бүсгүй"-д зориудаар жин нэмсэн тул хэдэн килограмм хасах  л шаардлагатай байсан юм. "Алга болсон бүсгүй"-д би гүзээтэй, үргэлж шартдаг, хэнд ч  таалагдахааргүй тийм хүний дүр бүтээсэн шүү дээ. Иймээс ч ихээр өөрчлөгдсөн сэтгэгдэл  төрүүлсэн байх л даа.

-"Алга болсон бүсгүй"-н найруулагч Дэвид Финчер өвөрмөцөөр инээмсэглэдэг чадварыг тань  харгалзан кинондоо сонгосон гэдэг?

-Ингэж үү? /Инээв/ Тэр нэг удаа намайг элбэнхтэй төстэй гэж хэлсэн юм. Дөнгөж гэм хийчихээд нүд  рүү тань гэнэн харцаар ширтэн энгийнээр тэнэгдүүхэн инээмсэглэдэг элбэнхтэй төстэй гэж. Финчер  тийм инээмсэглэл ямар хэрэгтэй байсныг мэдэхгүй ч хүмүүс намайг сонин инээмсэглэдэг гэдэг нь  үнэн шүү.

-Розамунд Пайктай хамт тоглоход ямар байв?

-Розамунд үнэхээр гайхалтай жүжигчин. Кинонд хань ижилийн дүрд тоглоход эхнэртээ хайртай дүр  эсгэхийг оролдовч дотно харилцаа, харилцан тэмүүлэл үгүйг үзэгч маш сайн мэдэрдэг юм. "Алга  болсон бүсгүй"-д бид хоёр нэг нэгнээ хайрладаг төдийгүй үзэн яддаг, тэр бүү хэл нэг нэгнээсээ  айдаг гэр бүлийн хоёрын дүрийг бүтээсэн. Ялангуяа миний дүр Розамундын дүрээс өөрийн эрхгүй  айдаг л даа. Розамунд намайг айлгах үүргээ маш сайн гүйцэтгэсэн шүү. Ямар ч байсан дэлгэцнээ  би үнэхээр айсан харагддаг. /Инээв/

-Ингэхэд тэр дүр тань таны нэгэн адил сэтгүүлчдийн дайралтад өртсөөр эцэст нь "гэрийн  дарангуйлагч" болж төгсдөг?

-Үнэхээр тийм! Миний тухай бичсэн нийтлэлүүдийг уншаад олон ч удаа цочирддог байлаа. Тэгээд  жаахан хүүхэд шиг гомдож, уурлаж, хямардаг ч байснаа нуух юун. Би, "Тэд ямар ичдэггүй юм бэ?  Намайг хүмүүст яаж ингэж харлуулан харуулж чадаж байна аа" гэж боддог байв. Нэг хэсэг таарсан  хүн бүрийг сэжиглэн уур бухимдлаа барьж ядсан хямрамтгай эр болсон шүү.

-Харин одоо?

-Одоо би тэгэхээ больсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүмүүсийн харьцаанаас болж  тэдгээр нийтлэлийн баатартай өөрийн эрхгүй адилхан болж буйгаа ойлгож цочирдсон л доо. Тэгээд,  "Би яагаад бусдад ийн дайсагнах болов? Ингэтлээ юунд хямарна вэ?" гээд цээж дүүрэн амьсгалж  билээ. Тэгээд л элдэв шүүмжлэлд эмзэглэхээ больсон. Хэн нэгэнд ямар нэг юм нотлох гэж  оролдохоо ч орхисон.

-Саяхнаас л үүнийг ойлгосон болов уу. Юу гэвэл хэвлэлд таны Женнифер Лопестой үерхэхийг  хэрхэн мэдээлж буйд ихэд ширүүн хариу барьдаг байсан шүү дээ?

-Энэ талаар тайлбар хийж, уучлал гуйсаар хэдийнэ залхсан. Бид хоёрын үерхэлд хүмүүс тэгтлээ  дургүйцсэнийг одоо ч ойлгодоггүй.

-Тэр үед таны амжилт буурч, үүнд чухам Женнифер Лопесийг буруутгадаг байсан шүү дээ?

-Бүтэлгүйтэлдээ өөрийгөө бус өрөөлийг буруутгах нь утгагүй. Би хувьдаа бүтэлгүйтлийн тэр үеэ  дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд надад дэндүү их анхаарал хандуулснаас үүдсэн гэж боддог.  Хаашаа ч явсан, хаана ч орсон папарацци нар дагаж, надтай хамт Женнифер Лопес байгаа  эсэхийг танддаг байлаа. "Сайн эр Вилл Хантинг"-ийн дараа ирээдүйтэй кино зохиолч, жүжигчин  гэгдэж байсан би биеэ тоосон онгироо эр, Женнифер Лопесийн амраг, хэд хэдэн удаа дэмий кинонд  тоглосон хүн болж хувирсан шүү дээ.  "Сайн эр Вилл Хантинг"-тай харьцуулахад миний бүтээсэн  зарим дүр муухан нь үнэн. Гэхдээ л би аливаа дүрийг бүтээхдээ маш их хүсэл тэмүүлэлтэйгээр  ажилласаар ирсэн.

-Та тэр хар зурвас үеэ ардаа орхин дахин гялалзаж эхэлсэн. Юуны хүчинд тэр вэ?

-Бүх зүйл тааламжтай зохицолдсоноос тэр байх. Гэхдээ би аз гэдэг санамсаргүй тохиолдол бус  хөдөлмөрийн үр дүн гэж бодох дуртай л даа. Юуны түрүүнд би эхнэр Женнифер Гарнертэйгээ учирч  удалгүй аав болсон. Тэгээд найруулагчаар ажиллахаар зориглосон. Эрсдэл хийнэ гэдэг маш их эрч  хүчээр цэнэглэдэг юм билээ. Гэхдээ сайн, муу аливаа үр дагаварт нь бэлэн байх ёстой нь мэдээж.  Аз болж миний эрсдэл гайгүй үр дүнд хүрсэн юм.

-Гайгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ! "Арго" ажиллагаа"-г үзэгчид ч, кино шүүмжлэгчид ч алга ташин  хүлээж авсан шүү дээ. Эсвэл та даруу зан гаргаж байна уу?

-Найруулсан кино маань надад таалагдсан л даа. Гэхдээ тэр олон шагнал, ялангуяа "Оскар"-ыг  авахдаа мэл гайхаж, цэл хөхөрсөн юм. Би киногоо бусдад ярьж дэлгэрэнгүй тайлбарлах ёстой гэж  бодож байлаа. Улс төрийн триллер гэдэг манайд тэгтлээ таашагддаг төрөл жанр биш шүү дээ.  Иймээс ч үзэгчид киног дотноор хүлээн авсан нь надад том сюрприз болсон.

-Яагаад заавал улс төрийн сэдэвтэй кино найруулах болсон юм бэ? Таныг тийм киног үзэгчдэд  хүргэж чадах найруулагч мөн гэж хэн ч төсөөлж байгаагүй нь лав?

-Би уг нь улс төр судлалыг бага сага гадарладаг гэх үү дээ. Вермонтын их сургуульд улс төр  судлалаар хэсэг суралцахдаа Ойрхи дорнодын бүс нутгийн гадаад бодлогын стратегийн сэдвийг  сонгож байлаа. Маш уйтгартай, "Оскар"-т огт нийцгүй сонсогдож байгаа биз?

-Та одоо амжилтаар бялхаж, өчнөөн олон саналд дарагдаж яваа жүжигчин, бас найруулагч. Таны  найз Мэтт Дэймон ч дутахааргүй амжилттай карьераа үргэлжлүүлж байна. Харин таныг уналтад  орох үед Дэймон улам эрчээ аван урагшилж байсанд атаархаж байв уу?

-Та намайг амжилтын тал дээр нэлээд эмзэг, атаархуу ч гэж хэлж болохоор хүн гэдгийг гадарладаг  бололтой. Гэвч Мэттэд би хэзээ ч атаархдаггүй. Тэр миний хамгийн сайн найз, хамтдаа бүхнийг  туулсан цорын ганц дотны хүн минь юм шүү дээ. Хэзээ нэгэн цагт зочид буудалд амьсгал хураасан  биеэ үнэлэгч хүүхний хажууд сэрээд яахаа мэдэхгүй сандрахад хүрвэл би юуны түрүүнд түүн рүү л  утас цохин тусламж хүснэ.

-Та хоёрт хэсэг зуур холдон хөндийрөх үе байгаагүй юу? Та тийм ч зөөлөн ааш зантай хүн биш шүү  дээ?

-Энэ тал дээр намайг аз түшсэн. Женнифер ч, Мэтт ч миний түргэн аашинд тэвчээртэй ханддаг юм.  Мэтт бол туйлын тайван, аливаа хэрүүлийг намжааж чаддаг хүн. Түүнээс илүү ухаантай, их юм  уншиж мэдсэн өөр хүнийг би л лав мэдэхгүй. Чухам Мэттийн ачаар л би киноны ертөнцөд орж ирсэн  юм шүү.

-Та романтик уу, прагматик уу?

-Би өөрийгөө романтик гэж бодохыг хүсдэг. Гэвч адаар аашаас минь болж эгзэгтэй мөчид л  романтик зан чанар маань илэрдэг гэх үү дээ. Жишээ нь, салсныхаа дараа хуримласан өдрөө  тэмдэглэж байхдаа би Женнифертээ алмаз эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэсэн. Мухардмал  байдалд орсныхоо дараа л иймэрхүү романтик үйлдэл хийгээд байх юм даа.

-Та өөрийн бүх дутагдлаа сайн мэдэж, засахыг оролддог бололтой. 45 насандаа өөрийгөө өөрчлөх  амаргүй л байх?

-Мэдээж амаргүй. Шинэ Бенд хүрэх алхам бүрт өөртэйгөө дуусашгүй, эвлэршгүй тэмцэл хийх юм.  Тэгээд ямар үр дүнд хүрэхээс үл хамааран өмнөх бүх алдааныхаа үнийг төлөхөөс өөр аргагүйг  мэдэрч байна. Амьдрал ийм л хойно.

-Танд кино ертөнц ямар чухал сургамж өгсөн бол?

-Алдар нэрд хүрнэ гэдэг хэзээд ад зэтгэртэй гэрээ хийснээс өөрцгүй бөгөөд үүнийхээ төлөө хувийн  амьдралаасаа золиослоход хүрдэг нь үнэн шүү.

-Та ирээдүйн карьертаа юунд найдаж, юу хүлээж байна вэ?

-Би амьдралынхаа турш жүжигчин л байсан хүн. Иймд жүжигчнийхээ ур чадварыг л сайжруулахыг  хүсч байна. Найруулагчаар ажилласан туршлага минь жүжигчний ажлын нарийн ширийнийг өөр  өнцгөөс харахад тусалсан шүү. Би илүү сайн, маш сайн, онцгой сайн жүжигчин болохыг эрмэлзэж  байна.

-Та олон сая долларын орлоготой, байж болох бүхий л шагналыг авч, кино шүүмжлэгчдэд  үнэлэгдсэн. Өөр юу хүсэх вэ?

-Би хүүгээ мөнгө, ашиг хонжоо хөөсөн хүн болгохгүйг л хүсэх юм. Надад хамгийн түрүүнд санал  болгож буй мөнгийг харгалзан дүрээ сонгодог үе байсан болоод л тэр юм байлгүй дээ.

-Женнифер Гарнер та хоёр гурван хүүхэдтэй. Тэдний сэтгэл та хоёрын салалтын үеэр багагүй  тавгүйтсэн байх даа?

-Бид хоёр хүүхдүүдээ тэр дуулиан шуугианаас холуур байлгахыг чадлаараа хичээсэн. Би  Женнифертээ хүнд хэцүү үед хүүхдүүдийнхээ дэргэд байхыг зөвшөөрсөнд маш их талархдаг. Бид  баяр наадам, нэг нэгнийхээ төрсөн өдөр зэргээр үргэлж хамтдаа байсан шүү. Женнифер маань  үнэхээр ховорхон ухаантай, нинжин сэтгэлтэй бүсгүй. Бид хоёр нэг нэгэндээ ямагт хүндэтгэлтэй  ханддаг бөгөөд удаан бодсоны эцэст салахаар шийдсэн ч хүүхдүүдээ хамтдаа хүмүүжүүлж  өсгөхөөр тохиролцсон юм.

Эх сурвалж: www.udriintoim.mn