Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан “амьд явах эрхтэй”-гээс эхлээд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” зэрэг 18 төрлийн багц үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Харин “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”-аас эхлээд “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” зэрэг 5 төрлийн үүргийг шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ёсчлон биелүүлэх учиртай. Хэдийгээр эрх үүргийн харьцаа 18:5 байгаа ч энэ нь зарим тохиолдолд эрхээ хэтрүүлж болно гэсэн баталгаа биш.

Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн дунд тушаалын нэг дарга сарын өмнө Оросын вакцин авна, ойрын хамааралтай бүлэг хүмүүст хийнэ, төлбөр хийх мөнгө нь дансанд бэлэн байна хэмээн мэдэгдэж, үүнийгээ ажил хэрэг болгох шийдвэр гаргахыг Засгийн газарт тулгаж байсныг уншигчид маань санаж байгаа болов уу. Сайх дарга оросын вакцин сайн чанартай гэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно, өөрийн итгэл үнэмшлийнхээ тухай нийгмийн цахим сүлжээнд хэвлэн нийтэлж болно. Гэхдээ тэрбээр тухайн тохиолдолд эрхээ хэтрүүлснээр Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ санаатай, санамсаргүйн алин болох нь бүү мэд, умартсан байдаг. “Бусад хууль” гэдэгт Дархлаажуулалтын тухай Монгол Улсын хууль шууд хамаарч байгаа юм.

Тус хуульд Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах ажлыг ердөө төрийн хоёрхон байгууллага хариуцахаар заажээ. Үүнд:

  • 1. Дархлаажуулалтын ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /ЭМЯ/, нутгийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагууд зохион байгуулна.
  • 2. Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн нэгтгэл, анги, байгууллагад дархлаажуулалтын ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БХЯ/, цэргийн эмнэлгийн алба зохион байгуулна гэжээ.

Эрдэнэтийн дарга цагаан цайлган, бусдад туслах сэтгэлтэй нэгэн боловч Дархлаажуулалтын тухай хуулийг сайн уншаагүйгээс болж өөрт хамаарахгүй үүрэг хүлээх гэж байж хэрэгт орох шахсан нь коронавирусийн эсрэг вакцины талаар дэндүү их поопордож байгаа хүмүүст сургамж болтугай хэмээн энд дурдлаа. Дархлаажуулалтын хуульд “- 21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. - 21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яам хэдхэн өдрийн өмнө БНХАУ-ын талаас коронавирусийн эсрэг хятад “Sinovac” вакцины 100 мянган тунг бэлгэнд авлаа. Дархлаажуулалтын хуулийн дагуу тус яам, цэргийн эмнэлгийн алба нь бие даан, Эрүүл мэндийн яамнаас хамааралгүйгээр зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэрэг офицеруудаа уг вакцинаар дархлаажуулах ажээ. ДЭМБ нь төдий удалгүй гуравдугаар сарын эхээр Хятадын “Sinovac”-ыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хэрэглэх зөвшөөрөл өгнө гэсэн сурагтай байгаа бөгөөд тэр шийдвэр гармагц БХЯамнаас өөрийн салбартаа вакцинжуулалтын ажлыг эхэлж вакцины эхний тунг цэрэг, офицерууддаа тарьж эхлэх гэнэ. Нэг үйлчлүүлэгчид хоёр тунг хийж байж бүрэн дархлаажуулагдана гэж тооцох дэлхий нийтийн жишгээр бодоход 100 мянган тун “Sinovac” вакцин нь цэргийн 50 мянган хүнд хүрэлцэхүйц юм. Хэрвээ цэргийн салбарын хэмжээнд вакцин дутах болбол Засгийн газрын нөөцөд байгаа Хятадын талаас бэлэглэсэн 200 мянган тун “Sinovac” вакцинаас нэмж авч болох ажээ.

Эх сурвалж: udriintoim.mn