Есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, гишүүд нь бүх насаараа ажиллахаар томилогддог нь АНУ-ын Дээд шүүхийн нэг шүүгч Рут Бадер Гинсбург хатагтай  87 насандаа өнгөрсөн баасан гарагт нас барсан. Гинсбург нь 1993 оноос хойш Дээд шүүхийн шүүгчээр 27 жил ажилласан байна. Ер нь Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж Сенат баталдаг хуультай. Д.Трамп твиттертээ “Би Дээд шүүхэд нэр дэвшигчийг Цагаан ордонд бямба гарагт зарлана” гэж жиргэлээ.  Тэрбээр шинэ шүүгчид нэр дэвшүүлэх сонголт хийхээр эхний ээлжид таван хүнийг шигшиж аваад судалж байгаагаа даваа гарагт мэдэгдсэн юм.  Америк эх сурвалжаас харахад, Ерөнхийлөгч Д.Трамп нь Флорида мужид төрсөн, 52-тай Барбара Лагоа гэдэг куба эмэгтэйг шинэ шүүгчид нэр дэвшүүлэх гэнэ. Ерөнхийлөгч урьд нь Fox News-т ярилцлага өгөхдөө “Төгс төгөлдөр латин америк хүн, тэр үнэхээр мундаг эмэгтэй” гэж магтаж байжээ. Өөр өнцгөөс харахад, Флорида мужийн унаган иргэн түүнийг шүүгч болгох нь XI.2-нд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, маш олон хүн амтай тус мужийн саналыг өөртөө цуглуулах зорилготой албан тушаалын томилгооны алхам ажээ. Учир нь гэвэл, Флорида мужийн сонгогчид АН, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хэнийх нь төлөө саналаа өгөх нь урьдчилан таамаглаж болдоггүй ээлжит сонгууль болгонд савладаг юм байна. Өөрөөр хэлбэр, манайхаар жишихэд Говь-Алтай аймгаас УИХ-д МАН-аас нэр дэвшигч ялна гэсэн 100 хувийн магадлалтай бол Завхан аймагт ээлжит сонгууль бүрт АН, МАН-ын нэр дэвшигчдийн хэн нь ч ялж мэдэх саналын савлагаатай байдагтай төстэй ажээ. Одоо Дээд шүүхийн бүрэлдэхүүнд байгаа насан туршаараа томилогдсон найман шүүгч нь: Жон Робертс (Ерөнхийлөгч Жорж “том” Буш нэр дэвшүүлсэн), Кларенс Томас (Жорж “бага” Бушийн нэр дэвшүүлсэн), Стивен Брайер (Б.Клинтоны нэр дэвшүүлсэн), Самуэль Алито (Жорж “бага”  Бушийн нэр дэвшүүлсэн), Самуэль Алито (Жорж “бага” Бушийн нэр дэвшүүлсэн), Соня Сотомайор (Б.Обама нэр дэвшүүлсэн), Елена Каган (Б.Обама нэр дэвшүүлсэн), Нил Горсуч (Д.Трамп нэр дэвшүүлсэн), Бретт Каванау (Д.Трамп нэр дэвшүүлсэн) нар.