УИХ-ын ээлжит сонгууль болж 606 нэр дэвшигчээс ялалт байгуулсан МАН-ын 62, АН-ын 11, бие даагч 1, “Зөв хүн электорат” эвслийн 1, “Та бидний эвслэл”-ийн 1, нийт 76 улстөрчийн нэр тодорлоо. Сонгуульд ялсан эдгээр 76 эрхмийн штаб тус бүрийн хэн нь ч байсан “манай нэр дэвшигч ялна гэдгийг би мэдэж байсан” гэж хэлэх эрхтэй. Үүнтэй маргах шаардлагагүй, яагаад гэвэл эцсийн үр дүнтэй давхцаж байна. Харин санал хураалт болсон Зургаадугаар сарын 24-нөөс өмнө ээлжит сонгуулийн нийт үр дүнгийн талаар прогноз гаргасан эрхмүүдээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Төрийн шагналт, нийтлэлч Б.Баабар нарынх нэлээд дөхсөн байна. Энд дөхсөн гэж хэлсэн гол шалтгаан нь сайх хоёр зөвхөн МАН-аас сонгуульд ялах нэр дэвшигчийн тоог хэлсэн болохоос бусад, нам эвсэл, бие даагчийн талаар огт дуугараагүйгээс үүдэлтэй. Д.Амарбаясгалан санал хураалт болохоос 14 хоногийн өмнө МАН-ын сонгуулийн төв штабынхандаа “Манай нам УИХ-д олонх болно. 52 суудал авна” гэсэн прогноз хэлсэн. Гэтэл Б.Баабар бүр үүнээс сарын өмнө МАН-ын удирдлагад “Танай нам нийт 62 суудал авна” гэж хэлсэн. Эдгээр хоёр эрхмийн тааврын тоо нь Магадлалын онол, бусад холбогдох шинжлэх ухааны аргачлал, судалгаанд тулгуурласнаараа хувилгаан, бөө, үзмэрч нарынхаас онцын ялгаатай юм байна.

Д.Амарбаясгалан дарга олонх болно гэлээ, МАН олонх  боллоо. Б.Баабар нийтлэлч 62 суудал авна гэлээ, МАН-ын 62 нэр дэвшигч ялалт байгууллаа. Харин одоо Б.Баабар, Д.Амарбаясгалан нар УИХ-ын шинэ дарга хэн болох вэ, Сү.Батболд уу, эсвэл Г.Занданшатар уу. Сонгуульд нэр дэвшээд унасан Ц.Нямдорж хашиж буй ХЗДХ-ийн сайдаар үргэлжлэн ажиллах эсэх гэх мэтийн, ялсан МАН-ын томилгооны сэдвээр нээлттэй прогноз хэлбэл нийт олонд сонирхолтой байх болов уу?