Голландын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил Ван Дейк хөлбөмбөгчийн замналаа эхлүүлж чадахгүйд байх шахсан үеийнхээ тухай ярьжээ.

“Би “Виллем II”-ийн академид 10 жилийн турш суралцсан. 16 настай байхдаа дараагийн ангилалд нь орж чадахгүй гологдох шахсан үе бий. Ердөө талбайд гардаггүй, байнга л сэлгээний сандалд шигддэг байлаа. Хөлбөмбөгч болж чадахгүй нь дээ гэж бодож шанална.

Гэтэл тэр зун азаар их өсч, өндөр болсон юм. Огцом өссөн болохоор цавь хавиар жаахан зовиуртай. Гэхдээ л ямар ч байсан 18 насныхны багт байнга тоглох болж билээ. Санаа бол бүр нэгдүгээр баг руу зүтгээстэй. Гэвч тоож аваагүй. Клубын удирдлага л авахгүй гэж шийдсэн шиг билээ.

Ингээд би “Гронинген”-д очиж, хөлбөмбөгчийн хувиар өсч сайжрах боломжоо нээсэн. Тэнд очоод жаалхүү биш эр хүн болж, нэгдүгээр багийнхны ширүүн тулаанд орж эхэлсэн. Мөн өөрөө бие даан амьдрах болсон минь үнэхээр сайхан санагдсан.

“Гронинген”-д хэдэн сайхан улирлыг өнгөрүүлж билээ. Тэр үед ирээдүйдээ бэлдэж, сайжрахыг л хамгийн ихээр хичээж байлаа” хэмээн Ван Дейк ярьжээ.

Р.Гэгээ