Цээнзэнгийн ГАЛБАДРАХ 

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос

Монголын тамирчдаас олимпийн медалийг анх хүртсэн хүчтэн бол ардын багш, гавьяат тамирчин, алдарт дасгалжуулагч Чимэдбазарын ДАМДИНШАРАВ болой.

1968 оны Мехикогийн олимпийн чөлөөт бөхийн хамгийн хөнгөн жин буюу 52 кг-д 22 орны хүчтэн зодоглоход 24 настай тэрбээр эхний даваанд Египетийн Мухамидийг оноогоор, хоёрт Туркийн бөх, Европын аварга Эсепжекийг цэвэр, гуравт Италийн Грасяд ялагдсан ч дөрөвт Унгар, тавд Германы бөхийг цэвэр, зургаад АНУ-ын бөх, олимп, дэлхийн аварга Р.Сандерстэй тэнцэн, долоод Японы бөх, олимп, дэлхийн аварга О.Накатад ялагдаж хүрэл медаль авсан байдаг.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат энэ эрхэм уг нь нийтийн хоолны технологич мэргэжилтэй ч мэргэжлээрээ нэг өдөр ч ажиллаагүй гэсэн. Бөх, бөхийн төлөө л хамаг амьдралаа зориулж, олимпод зодоглож, медаль хүртэж, дараа нь дасгалжуулагчаар ажиллаж, “Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах” олон сайхан залуусыг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, тэдэнтэйгээ хамт цоллуулж яваа нэгэн.

Олимпод бөхийн хоёр төрлөөр зодоглосон Монголын хуруу дарам цөөн тамирчны нэг тэрбээр хүүхэд насаа ийн дурсах авай.

Бамбай дэвсээд гадаа хононо

-Талын хүрэм гэж байгалийн сайхан цогцолсон газрын магнайд эхээс унасан хүн, би. Найман хүүхэдтэй айлын гурав дахь нь. Миний үед гэрчилгээ, энэ тэр гэж байсангүй. Тийм болохоор төрсөн өдрөө яаж мэдэхэв. Аавыг жинд яваад ирсний дараахан л төрсөн гэхийг бодоход өвлийн эхэн сар байх л гэж багцаалдаг юм.

Аав Богд сумынх, харин ээж Гучин-Усынх. Аргуйн голынхоо хөвөөг л өгсөж, уруудаж өссөн дөө. Манайх ганц азарга адуутай, 50-иад тэмээтэй, цөөн богтой жирийн л борог амьдралтай айл. Миний өвөө Содномцэрэн халхын 13 тамгатай хутагтын нэг. Хэлмэгдүүлэлтэд өртөөд цаазаар авахуулсан юм билээ. Аавыг ч гэсэн шоронд хорьж байсан гэдэг. Хөөрхий минь жаахан халамцахаараа “Би аавыгаа буудуулж хороолгосон азгүй хvн” гэж их л гунигтай ярьдаг сан.

Банди нар олонтой болохоор аав биднийг хооронд нь барилдуулах дуртай. Заримдаа ч өөрөө хамт ноцолдчихно. Ямартаа л ээжид загнуулж байхав. “Хүүхдүүдтэйгээ барилддаг эцэг гэж хэзээ байсан юм” гэж. Манайх гэж хүүхэд бужигнасан айл байх. Саахалтын хүүхдүүд манайд л цуглана. Уяа дүүрэн морь. Том цагаан тогоо дүүрэн хоол хийхэд хүрэлцэхгүй үе зөндөө. Шөнө нь тэмээний бамбай дэвсээд гадаа унтацгаачихна шүү дээ. Ээж, аав хоёр зун биднийг ах дүү нарынх руугаа явуулна. Яахав дээ, хоол ундны хүрэлцээгээ л боддог байсан биз. Хонь хариулах, чөдөртэй морийг нь өглөө барьж ирэх гээд бидний ажил ч тэнд мундахгүй.

Сургуулийн хашаан дахь савлуур миний “найз”

-1953 онд сумынхаа дунд сургуулийн нэгдүгээр ангид орлоо. Сумын төвд байшин барилга ховор, хэдхэн гэртэй. Ахлах ангийнхан байшинд, харин бага ангийн бацаанууд бид гэрт хичээллэнэ. Балын харандаа, нимгэн дэвтэр, бөөрөн дээрээ улаан таван хошуутай даавуун цүнхнээс өөр хөрөнгөгүй, монгол дээлтэй, хөл нүцгэн сурагч байв, би.

Манайх сумын төвөөс нэг их холгүй болохоор даага, сарваатай давхиж ирж, айлын гадаа уячихаад, хуучин муу монгол гутлаа тайлж, айлын орон доогуур шидчихээд л хичээлдээ сууна шүү дээ. Сэрүү орж, айлууд намаржаа руугаа нүүж, гүүгээ тавих үед л дөрвөн ханатай отрын жижиг гэр сумын төвд бариад эмэг ээж биднийг харж сууна. Тийм болохоор дотуур байранд амьдарч үзээгүй. Ойр хавийн сумын хүүхдүүд манай сургуульд ирж сурдаг учир дотуур байр ч олдохгүй.

Тухайн үед тэшүүр нүдний гэм. Орны хөлний төмрийг гутлынхаа уланд барьж хүлчихээд л голын мөсөн дээр гулгаж өдрийг барна. Манай Аргуйн голын орчим хужир мараа ихтэй. Тэнд айлын үхэр сүүлдэж чирэгдэнэ. Цагаан зам татуулаад л явж өгдөг сөн. Заримдаа баригдаад аав, ээжээс жавтий хүртэнэ ээ. Бас барилдана.

Дээлийн суга үргэлж ханзархай. Жижигхэн биетэй болохоор том хүүхдүүдэд юу болох вэ, түүдэг шиг л “яваад өгнө”. Гэвч шар хөдлөөд босч ирээд л бариад авдаг сан. Сургуулийн хашаан дотор байх савлуур миний нэг “найз” байв. Сахилгагүйтээд хэрэг төвөг тариад байхгүй ч уранхай дээлтэй гээд анги хэсүүлж “үзмэр” болгоно.

Яг л “Сэрэлт” кинон дээр гардаг шиг..

-Би хоёрдугаар ангид орох жилээ анх машин харж билээ. Нэг үдэш гүү тавихын өмнөхөн учиргүй хачин дуу гардаг байгаа. Харуй бүрий болсон байсныг хэлэх үү, адуу мал үргээд хамраа тачигнуулаад сүйд. Тэгтэл тээр зүүн хойно гэрэл гарснаа сүртэй дуугарсаар хажуугаар өнгөрөөд явчихлаа.

Маргааш нь хичээлд сууж байтал өчигдрийн дуу гарлаа. Хүүхдүүд ч гүйлдээд гартал сургуулийн байшингийн дэргэд нэг том дүнхийсэн хар ногоон машин зогсч байсан. Хүүхдүүд ч шаваад, жолоочийг нь гараад иртэл пирхийтэл тарж зугтаад л. Яг л “Сэрэлт” кинон дээр гардаг шиг. Сүүлдээ ч хойноос нь тоос татуулаад л чирэгддэг болсон доо.

Дараа нь нэг машин манай гадаа ирсэн нь хөдөлмөрийн баатар Лодойхүү гуай байлаа. Түүнийг аав, ээжтэй гэрт ярьж байх зуур бид машиныг нь тойрч, баахан шинжиж байтал явахаар гараад ирлээ. Тэгэнгүүт нь бид “Ах аа, машинд чинь сууж үзье. Биднийг энүүхэн толгойн цаана аваачаад л буулгачих” гэвэл зөвшөөрч, тав, зургаан км газар яваад буулгасан нь ёстой л энэ насанд мартахгүй явдал болсон доо.

Бодвол тэр нь “ЗИС-5” гэдэг машин л байсан байх. Тэр үеэс жолооч болохсон, хотод очиж, сургуульд сурахсан гэж мөрөөдөөд л.

Анхны цалин 12 төгрөг

-Манайх зундаа гүү барина, наадамд морь уяна. Гэхдээ манай морьд нэг их сүйдтэй хурдалж байгаагүй.

Харин ах дүү нар адуу олонтой, хурд сайтай. Тэдний морийг унаж суманд бишгүйдээ л айрагдаж байсан даа. Тавдугаар ангид ордог жил юмдаг. Сургуулийн нээлтээр миний унасан даага түрүүлж, ах барилдаад дөрөвт үлдэж, хэрдээ их баярлацгааж билээ, манайхан. Тэгэхэд ахтай сахал нь ургасан “хүүхдүүд” барилдаж байсан. Тэр үед нас харгалздаггүй байсан болохоор 17, 18 настай “өвгөн” сурагч зөндөө.

Би чинь тавдугаар анги төгсдөг жилээ ажил хийж, анхныхаа цалинг авсан хүн. Манай ангийнхан Богд суманд очиж, нэг сар тоосго цохиж, хөлсөнд нь 12 төгрөг авч байв. Ахынхтай нийлүүлж 24 болгоод гэртээ харих гэж байгаа улс чинь жаахан хатсан мөөхий, ганц, хоёр хайрцаг ёотон аваад бусдыг нь аав, ээждээ авчирч өгч байсан сан.

Түүний дараа жил буюу 1959 онд Өвөрхангайн баруун таван сумын бүсийн наадам манай суманд болсон. Майн баярын хавьд л байх. Тэгэхэд 50-иад морь уралдаж, манай дүү Насаагийн (гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох) унасан морь түрүүлж, Ч.Батдорж ахынх аман хүзүүдэж, би гуравт орж байлаа. Морио сайн давхиулсанд баярласан Нэргүй гуай надад гурван төгрөг өгч байсан нь санаанаас гардаггүй.

Морь уургалахын бөөн хорхой

-Ах бид хоёр ганцхан насны зөрүүтэй ч арав барилдахад би ганц давбал дээдийн заяа. Нэг удаа сургуулийн нээлтээр ахтайгаа үзүүр түрүүнд үлдэж, үзүүрлэсэн юм байна. Харандаа, үзэг, бэх, дэвтрээр шагнуулаад бөөн баяр болсон. Миний барилдаад авсан анхны шагнал юм чинь аргагүй дээ.

“Тэднийх нутаг сэлгэх гэж байгаа гэнэ, миний хүү очиж туслаад ир” гэж аав, ээжийг хэлэнгүүт гараад туучихна. Яагаад ч юм айлын авдар өргөж тэгнэлцэх дуртай байж билээ. “Эр хүн, бяртай байна аа” гэхээр нь онгироод л өргөөд байна. Yнэндээ бол бараг даахгүй байгаа хэрнээ өвдгөөрөө дороос нь ивээд л авдрыг гаргаад ирнэ шүү дээ.

Манайх тэмээтэй ч би хариулж бараг үзээгүй. Ихэнхдээ насаа л явдаг байснаас тэр. Харин даага, шүдлэндээ бол баавгай л гэсэн үг. Морь уургалах “өвчтэй”. Зундаа арваад гүү барина. Ээж минь хөл муутай болохоор бид өөрсдөө гүүгээ саадаг байлаа. Би олон шөнө адуу манаж байгаагүй. Адуу манах их хэцүү. Шөнө ойрхон чоно улина, үүрээр жиндэж даарна. Түүнээс нь халшираад л.

Жаахан бусгадаг зантай ч сайхан алхаатайд нь болоод нэг хар морийг би унах дуртай сан. Мартсанаас би аймгийн наадамд ганц л удаа хурдны морь унасан. Дашцэдэн гуайн буурал морийг 12-т давхиулсан юмдаг.

Аймгийн арван жилд явах байсан ч…

-Хөдөөний хүүхдүүдийн хамгийн дуртай баяр нь мэдээж цагаан сар. Нэг, нэг шуудай ганзагалаад л гарч өгнө дөө. Айл хэсээд. Бэлгэнд цуглуулсан боовоо хаврын урт өдрүүдэд цайнд хийж дэвтээсэн шигээ идэх ч мөн таатай.

Ингэж явсаар долдугаар ангиа төгсөөд аймгийн арван жилийн сургуульд суралцах хуваарь авлаа. Гэвч яваагүй. Шууд хот руу явахаар шийдсэн дээ. Аав минь ах бид хоёрыг сумын төвд хүргэж ирээд шуудангийн машинд суулган явуулж байлаа. Эрдэм ном сурч, аав, ээжийгээ тэжээх ёстой гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр ийнхүү нийслэлийг зорьсон хэрэг.

Хотод ирээд учраа ололгүй төөрч явахад нагац ах Д.Дэлэгдулам их тусалсан. Тэр хүний буянд л Худалдааны техникумд элсч, бөхийн секцэнд орж өдий дайтай яваа юм даа…