2019.05.30 Пүрэв                                        19°C    2,647.83 Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё


Найрамдал зуслангийн газрыг эргүүлэн авна

Зуслангийн тусгай хэрэгцээнд байсан 5000 гаруй га газрыг 100 иргэн, АНН-д олгосноос болж зуслан хаалгаа барихад хүрээд байсан юм. Тэгвэл эдгээрийг цуцалж, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан нураахаар боллоо. Мөн 2020/1/1-ээс эхлэн уг зусланг улсын төсөвт байгууллага болгохоор болжээ.

Хэн хууль бусаар газар олгов?

Өмнөх хотын дарга нар болон НИТХ уг хэрэгт холбогдож байна. ЗГ-ын мэдээлснээр эдгээр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой гэлээ. Одоогоор ямар хүмүүс газар эзэмшиж байгаа нь тодорхойгүй ба Найрамдалын ойролцоо шинээр газар олгохгүй гэв.

УБ-ын замбараагүй газар олголтыг ч цэгцэлнэ

‘Ингэхгүй бол ундны усны эх үүсвэр, дахин төлөвлөлтөөс эхлээд Улаанбаатар дахин босохгүй хэмжээнд очно’ гэлээ. Зөвхөн 2012 онд л гэхэд Хотын даргын захирамжаар улсын өмч, нийтийн эзэмшлийн талбайн 3.26 га газар УБ банкны мэдэлд очжээ. Мөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс аялал жуулчлалын зориулалтаар газар аваад орон сууц барьдаг байдлыг зогсооно гэв.


ЕБС-иудад сүрьеэгийн 47 тохиолдол илэрчээ

Орон даяар сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 25 ЕБС-иас 47 тохиолдол илрүүлж эмчилсэн гэж сайд Д.Сарангэрэл хэллээ. Ийнхүү эрт илрүүлж, эмчилсний дүнд сүрьеэгийн тохиолдол жил ирэх тусам буурсан гэв. Гэвч ХУД-ийн 15, Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд нийт 700 гаруй хүүхэд сүрьегийн халдвар авсан нь тогтоогдож, 44 нь эмчлүүлж байгаа юм.


6 сарын 1-ийг машингүй өдөр болгоё

Эх үрсийн баяр нөгөөдөр тохионо. Баярын өдрөөр иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлж, дугуй унах зэргээр автомашингүй өдөр болгон тэмдэглэхийг ТЦА уриаллаа. Хэрэв зайлшгүй машин унах шаардлагатай бол багачуудыг зориулалтын суудалд суулган, хурдаа ердийнхөөс 10-20 км/ц-р бууруулж, аливаа ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


iPod эргэн ирлээ

Аpple компани 2015 оноос хойш үйлдвэрлэхээ больсон iPod touch-ын шинэ загвараа онлайнаар худалдаалж эхэллээ. Энэ нь өмнөх загвараасаа 2 дахин хурдан ба iOS 12 үйлдлийн систем, 8 mp арын камер, 1,2 mp селфи камер, 32-256 gb багтаамж, 4 инчийн дэлгэцтэй юм. Гэхдээ нүүр таних болон хурууны хээ унших системгүй бөгөөд зөвхөн нууц кодоор нээгдэнэ. Багтаамжаасаа шалтгаалан 199-399 долларын үнэтэй зарагдаж байна.


Трансжендер байдал нь сэтгэцийн өвчин биш

Дан ганц хүйсийн чиг баримжаагаар сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлох боломжгүй гэж ДЭМБ үзэн Трансжендер байдлыг сэтгэцийн өвчний жагсаалтаас хасжээ. Ингэснээр трансжендер хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулалгүйгээр нийгэм дэх сөрөг хандлагыг бууруулах ач холбогдолтой юм. Мөн трансжендер хүмүүс хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй ч тэдний хүсэлтийн дагуу иргэний үнэмлэхнийх нь хүйсийг өөрчлөх шинэ журам 2022 оноос хэрэгжихээр боллоо.

Таны сонорт


 Энэ жилийн аймгуудын баяр наадмын хуваарь гарлаа.

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр