Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар долоон аймгийн 60 сумын 113 багт газар тариалангийн бүс нутаг тогтоолоо. Энэхүү тариалангийн бүс нь нийт нутгийн 0,5 хувийг эзэлж байгаа юм.

Манай улсад газар тариалан эрхлэх боломжтой нэг сая 50 га газар байдаг ч, сүүлийн жилүүдэд 700 мянган га талбайд л тогтмол газар тариалан эрхэлж байна. Газар тариалангийн бүс нутаг хумигдах болсон нэг шалтгаан нь бэлчээрийн мал аж ахуй гэдгийг тариаланчид хэллээ.

Манай улс 66,2 сая толгой малтай ба малын тоо өссөнөөр бэлчээрийн даац хэтэрч, улмаар тариалан бүхий талбайд мал нэвтэрснээр малчид тариаланчдын хооронд зөрчил, маргаан үүсдэг байна.

Үүнээс болж тариалангийн талбайд цөлжилт, хөрсний эвдрэл үүсэх нь эрс нэмэгдээд байгааг тариаланчид хэллээ.

Тухайлбал, “Сэлэнгэ аймаг нийт тариалангийнхаа 30 хувийг малд идүүлж алддаг. Энэ байдлыг зогсоовол улсын хэрэгцээний 50-60 хувийг хангах боломжтой” гэдгийг  Арвин хур ХХК-ийн захирал Ч.Чадраабал хэллээ.

Газар тариалан, мал аж ахуйг зааглаж, тэдний зөрчилдөөнийг бодлого хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Засгийн газраас газар тариалангийн бүс нутгаа түшиглэж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьж байгаа юм. Ийнхүү тариалангийн бүсийг тогтоосноор хөрсний эвдрэл, цөлжилт, атаршихаас сэргийлнэ гэлээ.

Энэ онд манай улс 538 мянган тонн үр тариа, 518 мянган тонн улаанбуудай, 102 мянган тонн хүнсний ногоо хураан авах зорилт тавьжээ.