Бид тоймлоё, Та унш

2019.08.20 Мягмар                                                    18°C  2,672.87  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё 


Шүүхийн шийдвэр генерал Б.Хурцын талд гарлаа 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал 6 өдөр үргэлжилсний эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ. Шүүх хурлын үеэр эрүүдэн шүүж буй 24 СD бичлэгийг үзүүлсэн гэх боловч шүүхээс нотлох баримт хангалтгүй гэж үзжээ. 

Хохирогчид гомдолтой гэв? 

Шүүх хуралд хохирогчоор оролцсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч Т.Чимгээгийн өмгөөлөгч шүүхийн шийдвэртэй санал 1 байна гэсэн бол Б.Содномдаржаагийн 1 өмгөөлөгч гадаад явсан гэх шалтгаанаар өчигдрийн шүүх хуралд оролцоогүй юм. Хуульд зааснаар прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй байна. 

Хэрэг хэрэгсэхгүй болох уу? 

Хэрэв прокурор эсэргүүцэл бичихгүй бол хэрэгсэхгүй болох боломжтой. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дуусах ба “нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь цаг хожиж буй үйлдэл” гэж зарим иргэд үзлээ. Ямартай ч олны анхаарлын төвд байсан шүүх хурал эцэстээ “эрхэм Генералын хүссэнээр” шийдэгдлээ.


18 сургууль “шөнөөр” хичээллэнэ 

Салбар яамнаас ЕБС-ийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх зорилт тавьсан ч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 18 сургууль байна. 3 ээлжээр хичээллэснээр хамгийн сүүлийн хичээл 20:00 цагт тардаг ба ингэснээр хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох магадлал нэмэгддэг юм. Хэдийгээр салбар яамнаас шинээр сургууль барих, өргөтгөл хийх, анги танхим түрээслэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байгаа ч ЕБС-ийн хүртээмж бага байна.  


Курес бөхийн тэмцээнд Монголчууд тэргүүллээ

УБ-т анх удаа Казахын курес бөхийн ААШТ болж өндөрлөлөө. Тэмцээнд 11 улсын 130 тамирчин 9 жинд хүч үзсэнээс манай 17 тамирчин зодоглож, бүгд медаль хүртлээ. Тодруулбал, 5 алт, 6 мөнгө, 6 хүрэл хүртэж, амжилтаараа 1-т жагссан байна. Тэмцээний хүнд болон үнэмлэхүй жинд улсын начин Б.Серик, харцага Д.Анар нар зодоглож аваргалжээ. 


Үл үзэгдэгч хиймэл дагуул

Оросын сансрын агентлаг хиймэл дагуулаа тусгай материалаар ороож, үл үзэгддэг болгох гэнэ. Ингэснээр хиймэл дагуул 10-20 км-ийн зайд телескопоор 10 дахин бүдэг харагдах бол дэлхийгээс харагдахгүй байна. Мөн тэд хугацаа нь дуусахаар өөрөө устдаг хиймэл дагуул бүтээх шийдэл олжээ. Уг хиймэл дагуулыг хайлдаг материалаар хийх бөгөөд хатуу байдлаас шууд хий болох юм. Гэхдээ эдгээр хиймэл дагуулыг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна.


Шэньжэн хотыг шинэ Хонг Конг болгоно

Учир нь Хонг Конгийн жагсаалаас болж Хятадын ЭЗ буурсаар байна. Иймд Хятадын ЗГ Хонг Конгийн оронд Шэньжэнийг хөгжүүлж, 2050 он гэхэд ЭЗ, худалдаагаараа дэлхийд тэргүүлэх хот болгоно гэлээ. Хятадын тал Хонг Конгийн жагсаалыг эсэргүүцэж байгаа бол Хонг Конгийн иргэд эрх чөлөө, тусгаар тогтнолыг шаардсаар байна. Хонг Конг нь 1997 он хүртэл Их Британий колони байсан ба Хятадын мэдэлд очсоноос хойш 1 улс, 2 систем засаглалаар хөгжиж иржээ.

Таны сонорт


Image result for raining umbrella icon Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр