Коронавирусийн цар тахлаас болж Европын Англи, Испани, Итали, Герман, Франц тэргүүтэй улсын хөлбөмбөгийн АШТ завсарлаж, тоглогчдыг хамтарсан бэлтгэл сургуулилт хийхийг зогсоосон. Харин Германы шилдэг баг Бавари М-ий тоглогчид анх удаа энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн бэлтгэлийн талбайд хамтарсан бэлтгэл хийлээ. Багийн нийт хөлбөмбөгчийг цөөн тооны бүрэлдэхүүнтэй хэдэн бүлэгт хувааж өөр өөр өдөрт ээлж дараагаар талбайд гарах хуваарь гаргасан байна. Эхний бэлтгэлийн бүлэгт довтлогч Левандовски, Мюллер, Коман, хагас хамгаалагч Коутиньо, хамгаалагч Боатенг, Сюле, хаалгач Нойер нар багтжээ. Бавари М багийн тоглогчид Германд мөрдөж байгаа журмын дагуу бие биенээсээ тогтоосон холын зайд сургуулилт хийжээ.