Европын улсуудын хөлбөмбөгийн хамгийн шилдэг багийг тодруулдаг Аваргуудын лигийн 2019/2020 оны улирлын тэмцээн манайхаар урьд шөнө өндөрлөж финалд Германы “Бавари М” баг Францын “ПСЖ”-ийг 1:0-ээр хожиж Цом хүртлээ. Хожлын гоолыг довтлогч Коман тоглолтын 59 дэх минутад оруулсан. Хөлбөмбөгийн герман “машин” гэгддэг” тус баг нь Аваргуудын лигийн тэмцээнд ийнхүү зургаа дахь удаа түрүүлж амжилтын үзүүлэлтээрээ Английн алдарт “Ливерпүүл”-тэй зэрэгцэж адил болов. Энэ лигийн түрүү багийн жагсаалтыг Испанийн домогт “Реал М” баг 10, Италын “Милан” 7 удаа аваргалснаар хошуучилдаг. 220 сая ам.долларын үнэтэй Неймар (бразил довтлогч, Өмнөд Америкийн аварга), 140 сая ам.долларын үнэтэй Мбаппе (франц довтлогч, дэлхийн аварга) зэрэг шилдэг тоглогчтой Францын баг Аваргуудын лигт анх удаа финалд шалгарсан. Тоглогчид, багийн эзэн Катарын тэрбумтан нар сүүлийн жилүүдэд тус тэмцээнд түрүүлж аваргын Цом өргөх зорилготой гэдгээ нуулгүй ил тод мэдэгдэж байгаа. Харин энэ удаад тэднийг герман “машин” замд нь зогсоож чадлаа.