Говь-Алтай аймагт дахин газар хөдлөлт болжээ. Хамгийн сүүлд энэ сарын 20-нд тус аймагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн чичирхийлэл зэргэлдээх Завхан аймгийн иргэдэд мэдэгдсэн гэж байгаа.

Тэгвэл энэ удаа Говь-Алтайн Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэж мэдэгджээ.

Он гарснаас хойш Монгол Улсад эхний гурван сарын байдлаар 11 мянга гаруй удаа газар хөдлөлт болсон байдаг.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ