Испанийн Ла лигийн 32 дугаар тойрогт “Эспаньол”-ыг 0:1-ээр “Реал Мадрид” хожлоо. Тус тоглолтын ганц гоолыг Карим Бенземагийн өсгийлдсөн дамжуулалтаар Каземиро оруулсан юм. Тэгвэл эдүгээгээс яг 10 жилийн өмнө Гутигийн өсгийлдсөн гайхалтай чамин дамжуулалтаар Бензема гоол оруулж байлаа.

Тоглолтын дараагаар Карим Бенземагаас дамжуулалтынх нь тухай асуухад “Хожлын гоолын дамжуулалт болсон нь л сайхан байна. Каземиро байрлалаа их зөв эзэлсэн. Миний ард түүнийг ирнэ гэдэг мэдэрсэн юм” хэмээн өгүүлжээ.

Харин “Барселона”-гаас хоёр оноогоор илүү гарч, лигийг магнайлж буй тухай асуухад “Бид өөрсдийн тоглолтдоо л анхаарч байгаа. “Барселона”-гийн тухай яримааргүй байна. Бид өөрсдөө их сайн явна шүү дээ. Тоглолтоос тоглолтод анхаарч, тоглолт бүрийг финал гэж бодож байгаа. Гэртээ гурван оноотой буцаж буйдаа баяртай байна” гэжээ.

Р.Гэгээ