Шинэчилсэн 15:06: Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 10, 14, 34-р ангийн 38 алба хаагч, есөн техник хэрэгсэлтэй ажиллаж, галыг бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход тус барилгын хоёрдугаар давхарт байсан цахилгааны кабель утас шатаж байсан ба кабелийн утас нь хөөж хавдсан байжээ. Кабелийн утас гадуураа хуванцартай учир нэлээд их утаа гарсан ба тус галыг 10 минутад бүрэн унтраасан байна.

Өглөөний 06:08 минутын орчимд Төрийн ордны зүүн талд баригдаж буй барилгад гал гарчээ. Онцгой байдлын алба хаагчид түймрийг шуурхай унтраасан ба гал гарсан шалтгааныг тогтоох үзлэг хийгдэж байна.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, “Урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас үүдэж гал гарсан байж болзошгүй байна. Шалтгааныг тогтоох үзлэг дууссаны дараа тодорхой болно” гэлээ.

Одоогоор тус барилгыг цагдаагийн хамгаалалтад авч засварын ажлыг хугацаагүйгээр зогсоосон байна.

Сануулахад, 2015 онд Нийслэлийн өмчийн газраас хуучин хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, 2012 онд Монгол улсын иргэншилтэй болсон гэх Араб гаралтай Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм.

Гэвч тэрээр удалгүй саналаасаа татгалзаж, дуудлага худалдааны дүрмийн дагуу дараагийн санал гаргасан Таван Богд группт худалдаж авах эрх шилжсэн байдаг.

Улмаар 2016 онд Таван Богд групп хэвлэх үйлдвэрийн барилгыг 1929 оны түүхэн дурсгалт байдлыг орчин үеийн дизайнтай хослуулан сэргээн засварлаж, Галлериа Улаанбаатар нэртэй худалдаа, үйлчилгээний төв нээнэ гэж мэдэгдэж байжээ. Тус барилгыг энэ оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан юм.