Ажил хаялтад Маунтин вью, Сан Франциско, Нью Йорк хотоос гадна Энэтхэг, Сингапур, Япон, Их Британи, Швейцар, Герман дахь Гүүглийн салбарын олон мянган ажилтнууд оролцсон байна.

Тэд доод ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхсан удирдах албан тушаалтнуудад компаний зүгээс зохих арга хэмжээ авахыг хүсч ажлын байрныхаа гадаа орон нутгийн цагаар 11:10 -т түр хугацаагаар ажил хаяжээ. 

Энэ үеэр ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн ажилчдын нэрээ нууцалсан захидлуудыг уншсан бөгөөд бэлгийн дарамт үзүүлэгчдэд тэтгэмж олгосон явдлыг эсэргүүцсэн байна.

Тодруулбал, Гүүглийн андройд үйлдлийн системийг зохион бүтээгч Анди Рубин 2013 онд эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон бөгөөд жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ. Харин Гүүгл түүнийг халагдахад тэтгэмж хэлбэрээр 90 сая доллар өгсөн байна.

Гүүглийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, “Ажилчид маань компаний бодлогод хэрхэн өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлсэн. Үүнийг бид цаашдын ажилдаа тусгах болно” гэсэн байна.

Тус компани 2016 оноос хойш бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон 48 ажилтнаа халсан ба тэдний 13 нь удирдах албан тушаалтнууд байжээ.

Эх сурвалж: CNNThe Guardian