Саяхан даа, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хандив өргөж явсан Асашёорюү аварга Д.Дагвадорж олны бухимдлыг төрүүлсэн үйлдэл өчигдөр гаргалаа.  Тэрээр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр 15.50 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан юм. Уг онгоцоор нийт 266 зорчигч ирсэн бөгөөд тэднийг хэд хэдэн газар тусгаарлаад байгаа юм.

Харин  Асашёорюү маань Монголд буусан даруйдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж албаныхныг багагүй сандаргажээ. Тэрээр энэ талаараа олон нийтийн сүлжээнд тайлбар бичсэн байна. Тэрээр "Би карантинаа барина. Харин нэг асуудал байна. ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй. Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан.Би хэвтрээ голох тийм хүн биш. Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байнаа гэж хэлсэн. Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлэхийг гэр бүлдээ хүсэхгүй, Хэн ч хүсэхгүй. Асуудал энэ. Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз.  Ерөнхий сайдынхаа үгийг ажил болгоорой УОК-ынхон минь. Гадаад улсын иргэн орж ирсэн шүү. Зарчмаа бариарай” гэжээ.

Үүнээс харахад аварга Д.Дагвадорж тусдаа тансаг газар тусгаарлагдахыг хүссэн бололтой. Гэвч энэ хүнд нөхцөл байдалд нэр төр, албан тушаалтай хүн чухал биш адилхан иргэн гэдэг утгаар эрүүл мэндийн байгууллага хандаж байгаа нь ойлгомжтой. Аварга маань уг нь ийм үйлдэл гаргахааргүй л хүн дээ.

Эх сурвалж: udriintoim.mn