Их зохиолч Д.Нацагдорж

  • Жаргалан жаргалан жаргалан
  • Энэ ертөнцийн түмэн жаргалан
  • Түүний доторх чухам жаргалан
  • Эрүүл энхийн нэгэн жаргалан

гэж шүлэглэсэн билээ. Григорионы тооллын 2020 он туурга тусгаар Монгол Улсын харьяат 3,3 сая иргэн бүхий Дэлхийн нийт 7,7 тэрбум хүн ардыг Коронавирусийн цар тахлын хүнд хэцүү сорилтод оруулсан жил байлаа. Өнгөрсөн оны 12-р сарын 31 гэхэд Дэлхий даяар Ковид-19-ийн халдвар авсан 83,4 сая тохиолдол бүртгэгдэж, 1,82 сая эрдэнэт хүн хорвоог орхилоо.

Дэлхийн түүхэнд дэгдсэн 16 дахь удаагийн энэ Цар тахлаас хүнтөрөлхтнийг аварч бид бүхэнд “Эрүүл энхийн нэгэн жаргалан”-г удахгүй эргүүлэн авчрах урьдчилан сэргийлэх хэд хэдэн тарилгаас Pfizer-ийн вакциныг Их Британи, АНУ болон Европын холбооны 27 гишүүн оронд шинэ он гарахаас өмнө өнгөрсөн 12-р сард иргэддээ тарьж эхэлсэн. Манай улсад Коронавирусийн эсрэг вакциныг 2021 эхний улиралд буюу 4-р сарын 1-ээс өмнө оруулж ирэх төлөвлөгөөтэй. Цаг нь яагаад ингэж тодорхой бус 90 хоногийн урт хугацаанд яригдаж байна вэ гэхээр бүх асуудал ДЭМБ-аас хамаарч буй.

Нэгд, манайх ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакцин иргэддээ хийх ёстой. Хоёрт, ДЭМБ-аас санаачлан байгуулсан, Коронавирусийн эсрэг вакциныг олон улсын хэмжээнд ижил түвшинд жигд түгээх зорилготой КОВАКС хөтөлбөрийн санд манай улс элсэн орсон. 180-аад гишүүнтэй КОВАКС нь ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинаас манайд нэгдүгээр улиралд багтаан эхний ээлжид 660 МЯНГАН ХҮНД тус бүрт нь хоёрыг хийх нийт 1320000 тунг үнэ төлбөргүй нийлүүлэх гэрээтэй. Энэ нь манай улсын 3,3 сая хүн амын 20 хувийг вакцинжуулахад зориулсан тарилга. Дараа нь манайх 40 хувь буюу 1 САЯ 32О МЯНГАН иргэндээ зориулсан вакциныг хөнгөлөлтэй үнээр, тус бүрийг нь арваас доош ам.доллараар худалдан авах зорилттой. Эцэст нь манай улс нийт хүн амынхаа 60 хувь болох 1.980.000 иргэнийг 2021 онд вакцинжуулна.

Дашрамд онцлоход, Төр засгаас Коронавирусийн вакцин худалдаж авах хөрөнгө мөнгөний асуудлыг өнгөрсөн 2020 онд шийдсэн. КОВАКС хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг байгууллага болох Дэлхийн банкнаас 50,7 сая ам.долларыг урьдчилан зээлж өөрсдөд нь хадгалуулж, вакцин бэлэн болмогц төлбөрийг дамжуулалгүй шууд хийлгэхээр бэлэн болгосон. Түүнчлэн хэрвээ вакцин худалдан авахад дээрх мөнгө хүрэлцэхгүй бол нэмж өгөх мөнгө, Эрүүл мэндийн даатгалын санд гэхэд 500 тэрбум төгрөг хадгалагдаж байгаа.

Монгол Улсын иргэд бид бүгдээрээ одоо ДЭМБ-аас КОВАКС-ийн гишүүн улсууддаа хэрэглэх зөвшөөрөл ямар вакцинд өгснөө зарлахыг хүлээж байна. Зарласан тухайн сар өдөр нь манайд Вакцинжуулалтын ажил эхлэх “ногоон гэрэл” асч буйн дохио болох юм. Ямар ч болов зөөврөөр орж ирсэн, дотооддоо алдсан Ковид-19-ийн вирустэй 2020 он улиран одож, Коронавирусийн эсрэг шинэ вакцинтай 2021 оноо угтан авлаа.

Эх сурвалж: udriintoim.mn