ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Оросын спортын түүхэнд анх удаа ДАШТ-ий эхний гурван байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн А.Щербакова, Е.Туктамышева, А.Трусова нарт баяр хүргэлээ. Тэрбээр, уран гулгагчдын чадвар, бэлтгэл онцгой сайн байсныг дурдаад тэдний амжилт нь ирэх зуны Олимпод үргэлжлэх буухианы эхлэл гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. В.Путин маргааш III.28-нд төрсөн өдөр нь тохиох А.Щербаковад хандаж “Аваргын алтан медалиар энгэрээ мялаасан чинь төрсөн өдөртөө барьсан сайхан бэлэг байсан” гэж баяр хүргэлээ.

Уран гулгалтын ДАШТ нь Шведийн нийслэл Стокхолм хотноо зохион байгуулагдсан бөгөөд Орос бүсгүйчүүд ганцаарчилсан төрлийн бүх медалийг хүртэж, шагналын  тавцанд бусад  улсын тамирчдад зогсох зай гаргасангүй. Оросын уран гулгагчдын хувьд ганцаарчилсан төрөлд эхний гурван байр эзэлж шагналын тавцанд гурвуулаа зогссон нь анхных болж байна. Харин оросууд өөр төрөл, хос гулгалтад 1969, 1988 онд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn