Их Британийн нийслэл Лондоны төв гудамжны нэгд хэвлэлийнхэн шавж, ямар нэгэн кинонаадмын нээлт болох гэж буй мэт орчин бүрджээ. Үнэхээр ч сэтгүүлчдийн эгнээ болж үүсгэсэн чөлөөгөөр холливүдийн нэрт жүжигчин Жонни Депп, мөн түүний хуучин эхнэр, жүжигчин Амбер Херд нар явж өнгөрсөн байна.

Жонни Депп хар өнгийн банда алчуураар амаа хааж ганцаараа ирсэн бол харин Амбер Херд нэг гараараа эгч Уитнигаа, нөгөө гараараа өмгөөлөгч Женнифер Робинсоныгоо хөтөлсөн байв. Мөн бисексуал жүжигчин бүсгүйг дэмжихээр одоо найзалж буй бүсгүй Бьянка Бути ч иржээ.

Гэхдээ энэ бол ямар нэгэн кинонаадмын нээлт бус, харин Жонни Деппийн нэхэмжлэл бүхий шүүх хурал эхлэхийн өмнөх дүр зураг юм. Амбер Хердийг худал мэдээлэл цацаж гүтгэсэн гэсэн үндэслэлээр Жонни Депп шүүхэд хандсан юм. Хэргийг гуравдугаар сард шүүхээр товлосон ч цар тахал хойшлуулах шалтгаан болж чадсан.

“Ромын тэмдэглэл” уран сайхны киноны үеэр Амбер Хердтэй ойртон танилцсан Жонни Депп удалгүй хүүхдүүдийнхээ эх Ванесса Парадигаас салсан юм. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй. Депп, Херд хоёр 2017 онд гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан.

Гэлээ ч салснаасаа хойш хэвлэлээр дайтаж, шинэ шинэ баримт, гэрэл зургууд гаргасаар, нэг нэгнээ хүчирхийлэл үйлдсэн, хууран мэхэлсэн, зодож танхайрсан гэх мэтээр буруутгасан юм. Эцэстээ Амбер Херд зодуулсан үеийн гэх зураг хэвлэлээр дэлгэсэн нь Жонни Деппийг шүүхэд хандахад хүргэсэн.

Жонни Деппийн өгүүлснээр бол Амбер Херд нүүр хувиргалт хийж, зодуулсан мэтээр зураг авахуулсан. Тэгээд хүчирхийлэлд өөрийг нь буруутгасан аж. Хэрвээ энэ нь батлагдвал Херд шоронд суух болно.

Мөн өөрийг нь ажилтай байх үеэр Илон Маск болон загвар өмсөгч Кара Делевиньтэй амрагийн харьцаа үүсгэж, хуурч байсан гэж Депп мэдүүлсэн гэнэ. Ингээд гүтгүүлж доромжлуулсныхаа шанд Хердээс 50 сая ам.доллар нэхэмжлээд байна.

Шүүх хурлын үеэр олон гэрч мэдүүлэг өгөхөөр бүртгүүлсний дотор Деппийн өмнөх бүсгүйчүүд болох Вайнона Райдер, Ванесси Паради нар ч байгаа юм. Хоёулаа Деппийг өмөөрч, хамгаалсан үг хэлэх юм байна.

Харин Амбер Хердийн хувьд шүүх хурлын өмнөх шөнө чухал байж болох хэд хэдэн шинэ баримтыг баталгаажуулж нэмсэн гэх мэдээлэл таржээ.

“Тэр маш үзэсгэлэнтэйн зэрэгцээ миний амьдрал, ажлыг их сонирхсон. Түүнд нь би хуурчтихсан хэрэг. Алдар нэр, ашиг орлогын төлөө надтай гэрлэхийг хүссэнийг тухайн үед яаж мэдэх билээ. Анх ярилцаж суухад миний кинонуудыг үзэх дуртай, намайг шүтэн биширдэг л гээд байсан. Гэтэл ганц ч киног маань үзээгүйг хожим мэдсэн. Би урхинд орчихсон юм. Намайг хялбархан дөнгөсөн л дөө. Тэр миний амьдралаас бүхнийг булаан авахаар орж ирснийг л одоо ойлгож байна. Бүгдийг нь булааж авчихаад, дараа нь устгаж дуусгахыг л тэр хүссэн” гэж Депп мэдүүлжээ.

Мөн онгоцонд нэг удаа зодуулснаа дурьдсан байна. “Нүүр рүү минь мөн ч олон удаа цохисон доо. Би холхон байх гэсэндээ онгоцны нөгөө тал руу гарсан. Гэтэл араас хүрч ирээд дахиад л нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь би түлхчихээд 00-ийн өрөөнд түгжээд суучихсан. Тэр нислэгийн турш тэндээ байсаар буусан” хэмээн мөн мэдүүлсэн байна.

Амбер Хердийн хүчирхийлэлд өртөж байсан тухай ярианы талаар асуухад “Энэ бол түүний арга. Би хэзээ ч эмэгтэй хүнд гар далайхгүй. Ямар ч тохиолдолд шүү. Надад тийм хүмүүжил байхгүй” гэж мэдэгджээ.

Гэхдээ Деппийн эхний мэдүүлэг дээр олны дургүйцлийг төрүүлсэн нэг зүйл гарчээ. Энэ бол охин Лили-Роузыгаа 13 настай байхад нь хар тамхи хэрэглүүлсэн явдал. “Дэлхийд хориотой гэх бүгдийг би хэрэглэж үзсэн” гэж Депп үнэнээ хэлээд Лили-Роузад хүртэл хар тамхи татуулж, яаж үйлчилдгийг нь ойлгуулж, хол байлгахыг зорьсон гэж мэдүүлсэн байна.

Р.Гэгээ