ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица коронавирусын талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица "Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, ЭМЯ-ны мэдээллийг ард иргэд дагах нь зүйтэй.  Бидний дархлааны тогтолцоо эрүүл мэндийг хамгаалж, халдвараас сэргийлдэг. Гэхдээ судалгаагаар коронавирус тусаад эдгэсэн хүн дахин тусаж байна. Удахгүй зун болж хүмүүс амарч зугаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ цар тахлын эрсдэл буураагүй тул бид сэтгэл амрах болоогүй.

- Хүн бүр гараа  тогтмол угаах

- Ханиаж найтаахдаа амаа таглах

- Дасгал хөдөлгөөн хийх

- Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

- Олон нийтийн газарт зай барьж явахыг хүсч байна. Ингэснээр халдварын орчинд ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд иргэдийн зүгээс өгч буй дэмжлэг болно.

Иргэдийн дунд монголчууд халдвар аваад дархлаа тогтсон гэсэн мэдээлэл бий. Энэ бол худал. Монголчуудад коронавирусын дархлаа тогтоогүй байгаа. Өчигдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тоо 98 болсон бол Монгол Улс дотооддоо халдвар тарах эрсдэл өндөр хэвээр байна.

Иргэд энэ мэт худал мэдээлэлд автаж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсье. Худал мэдээлэл коронавирусээс илүү аюултай.

Улсын онцгой комисс эрсдэлийн үнэлгээг байнга явуулж байгаа. Одоогийн байдлаар  вакцин тариа байхгүй учир хамгаалалтын арга хэмжээг хамтдаа авч, энэ хэцүү цаг үеийг хамтдаа туулан гарна.

Шинэ төрлийн коронавирус нь 4-5 жилийн хугацаанд дарагдах байх гэсэн таамаглал байна. Вакцин 12-18 сарын дараа гарна гэсэн тооцоолол байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яамны сэргийлэлтийн арга хэмжээг үр дүнтэй гэж дүгнэж байна. Удахгүй Монгол улсад сонгууль болно. Энэ үеэр урьдчилан сэргийлэлтүүдийн арга хэмжээг авч, сонгууль эрсдэлгүй болоход дэмжлэг үзүүлж ажиллана" гэлээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn,  М.Өнөр