Бид тоймлоё, Та унш

2018.03.21 Лхагва                         4°C   2,398.38  Бие эрхтний хүч сайжирна


Өнөөдөр болох үйл явдал 

  • Дэлхийн яруу найргийн өдөр
  • Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг өдөр
  • НМХГ-аас гоо сайхны эмнэлгүүдийн шалгалтын тухай мэдээлэл хийнэ.
  • Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийж, шүүхийн шийдвэр танилцуулна.

Чухлыг тоймлоё

Ардчилсан нам С.Баярцогтыг хөөлөө.

Яагаад?

Нэгэн цагт АН-ыг өнгөлж явсан С.Баярцогтын олон сая доллартай нууц данс, бүр Хятад иргэншилтэй хадгаламж нь хүртэл ил болж байв. Эдгээр хэрэг хуучраагүй байхад Швейцарийн шүүхийн материал олонд ил болж, АН ийм шийдвэр гаргалаа.

Шүүхийн материалд:

С.Баярцогт 2008 оны 9 сард сангийн сайд болох үед нь Швейцарийн банкан дахь хэд хэдэн данснаас 8.2 сая евро (тиймээ ЕВРО!) түүний хувийн данс руу шилжсэн байжээ. Мөн ‘Баярцогтын гарын үсэг зурсан Оюу Толгойн гэрээ нь Монголд ашиггүйг батлах үзүүлэлтүүд байна’ гэжээ.

Арайчдээ, өөр?

Тэр зөвхөн евро аваагүй, доллар ч бас авсан. Дансанд нь хаанаас ч юм, хэнээс ч юм $10 сая орсныг сэжиглэн түүн рүү мөнгө шилжүүлсэн гэх бүх дансыг Швейцарийн шүүх хаагаад байна. Нутагт нь мөнгө угаах болон авилгын хэрэг явагдаж байх магадлалтай хэмээн Швейцарь 2016 оноос хойш энэ хэргийг мөрдөж байгаа бөгөөд хэрэг эцэслэгдээгүй үед хэн нэгнийг буруутан гэж үзэхгүй байхыг хүсье гэжээ.

Цаашид ...

Швейцарийн шүүх дээрх их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг болон чухам яагаад Баярцогт энэ мөнгийг авав гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Манай АТГ Швейцарийн прокурортой хамтран ажиллаж байгаа гэв.

Харин Баярцогт гэм буруутайд тооцогдвол Рио Тинтотой байгуулсан гэрээг эргэж харах ёстой гэж АН мэдээллээ. Тэд Швейцарийн прокурорын газраас тодруулга авна гэлээ.


Facebook-н үнэлгээ $37 тэмбурмаар буурлаа

Хэрэглэгчдийнхээ мэдээллийг задруулсан гэх Facebook-н хувьцаа огцом унаж, үнэлгээ нь $37 тэрбумаар буурчээ. Гэсэн ч $500 тэрбумын зах зээлтэй Facebook дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг хэвээр байна. Үүсгэн байгуулагч Марк Зукерберг энэ талаар одоог хүртэл мэдэгдэл хийгээгүй ба түүний хаачсаныг олон улс гайхсаар...


Шар усны үерийн улмаас Сэлхийн автобус түр зогслоо

Үерийн улмаас зам дээр ус тогтож, эвдрэл гэмтэл гарч Ч:28, Ч:29 Сэлх чиглэлийн автобус Бэлх хүртэл явж байна. Замыг онцгой байдлынхан засварлаж байна, хэзээ хэвийн үйл ажиллагаанд орох нь тодорхойгүй байна.


Ерөнхийлөгч кёкүшюзан Батбаяр

Азийн цахим мөнгө олборлогчид нэгдэж, холбоогоо байгууллаа. Тус холбоонд манай улсаас гадна Солонгос, Япон, Хятад, Орос гишүүнчлэлтэй бөгөөд ерөнхийлөгчөөрөө кёкүшюзан Батбаярыг сонгожээ. Мөн Японоос гаргаж буй Тос койн гэх криптовалютыг танилцуулсан нь биткойноос 10 дахин хурдтай гэнэ. Сонирхуулахад Тос гэх нэрийг ерөнхийлөгч Батбаяр шар тосыг бэлгэдэн өгчээ.


Их хотын секс киноны од Нью-Йоркын амбан захирагчид нэр дэвшинэ

Мирандагийн дүрээр олонд танигдсан жүжигчин Синтиа Никсон Нью-Йоркийн амбан захирагчид нэр дэвших болсноо жиргээгээр зарлалаа. Никсон жүжигчин төдийгүй либерал идэвхтэн нэгэн бөгөөд тус албан тушаалд хүч үзэхээр эртнээс зэхэж байсан гэнэ. Хэрэв Никсон сонгогдвол тус хотын анхны эмэгтэй, ижил хүйстэн амбан захирагч болно.


Нэг л аз жаргалгүй байна уу? TED Talk-г үзээрэй

Дэлгэцэт технологи бидэнд хэрхэн нөлөөлж, аз жаргалыг бууруулдаг талаарх сэтгэл судлаач Адам Алтерийн сонирхолтой илтгэлийг эндээс үзээрэй.


Таны сонорт


 Дэлхийн цагаан хирсний төрлийн хамгийн сүүлийн эрэгтэй хирс нас баржээ. Тэрээр 45 настай байсан ба одоо түүний охид болох 2 эмэгтэй хирс л үлдлээ.


 

 Өдрийн тойм Сошиал