Европын хөлбөмбөгийн  клубүүдийн 66 дахь удаагийн Аваргуудын лиг хөлбөмбөгийн зүлэг ногоон талбайд эргэн ирлээ. Шигшээ 32-т шалгарсан багуудын E, F, G, H хэсгийн тоглолтууд манайхаар өнөө шөнө болно. Маргааш шөнө бусад A, B, C, D хэсгийнх болох юм. Хэсгийн 1-3 тойргийн тоглолтууд гурван долоо хоног дараалан мягмар, лхагва гарагт буюу X.20/21, X.27/28, XI.3/4 явагдах ба гурван долоо хоног завсарлаад 4-6 дугаар тойргийнх мөн дараалан долоо хоног тутам XI.24/25, XII.1/2, XII.8/9-нд болох хуваарьтай. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлж цааш шалгарсан нийт 16 баг ирэх 2021 оны хоёрдугаар сараас эхлэн хасагдах плей-оффын шатанд өрсөлдөнө. Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 29-нд Туркийн Стамбул хотноо болно.