Бид тоймлоё, Та унш

2018.03.16 Баасан                                       4°C   2,395.40  Сүлд тэнэж одно.


Өнөөдөр болох үйл явдал

  • ХАА-н бирж хэвлэлийн бага хурал хийнэ
  • Цэргийн баярт зориулсан парад болно
  • Эрүүл зүрх - Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн нээлт болно.

Чухлыг тоймлоё


Монголын боловсролыг гадныхантай харьцуулахад хэцүү.

Яагаад?

Манай боловсролын систем олон улсын стандартад нийцээгүйг Дэлхийн Банк зарлалаа. ДНБ-ний 4.6%-г боловсролын салбарт зарцуулдаг нь бусад улстай харьцуулахад өндөр ч урсгалд зардалд зарцуулдаг нь буруу гэнэ.

Тиймээс багш нар нь нэмэгдэл цалин гуйж жагсаад л, сурагчид нь хоцрогдоод л. Улсын сургуулийн төрх байдал нэг иймэрхүү л...

Харин галуу шувууны мах иддэг гадныхан бол,

Ихэнх мөнгөө багш нарын цалинд болон дэд бүтцээ сайжруулахад зарцуулдаг байна. Жишээ нь, сурагч амжилт гаргавал багшид урамшуулал олгодог. Гэтэл манайд цайны газар, спорт заалаа түрээслээд урамшууллаа ав гэх жишээний. Ялгаа байгааз!

Тойм

Зөв төсвийн зарцуулалт хийвэл хоцрогдолтой байгаа тогтолцоогоо сайжруулж чадна гэж мэргэжилтнүүд хэлсэн. Хэлээд байхад хийж чадахгүй бол юун цаадах ядуурлыг арилгах, улсаа хөгжүүлэх... мөрөөдөөд ч хэрэггүй биз.


Сумъяа аварга, бишээ сайд шатахууны үнийг бууруулна

Роснефть шатахууны үнийг 6 сард хөнгөлнө гэснийг 4 сар болгон наашлуулахаар сайд ажиллаж байна. Учир нь манай улсад 44 хоногийн шатахууны нөөц үлдсэн гэнэ. Гэхдээ шатахууны үнэ дэлхийд буурч байхад манайд нэмэгддэг жишиг бий. Хэрэв энэ удаад колонкийн эзэд үнээ бууруулахгүй бол сайд тэднийг “чангална” гэлээ. Юу болохыг харж л байхаас.


"Зөрчилтэй” зөрчлийн хуулийг засна

Авто ослын дараа 100 мянгаар торгож 5 оноо хасдаг, согтуугаар жолоодвол 400 мянгаар торгож, жолооны эрх хасдаг давхар шийтгэлтэй ЗӨРЧЛИЙН хуулийн зөрчлийг засварлахаар боллоо. Хаврын чуулганаар гишүүн Ж.Батзандан ажлын хэсэг байгуулж эрчимтэй ажиллана гэлээ.


‘Google’ криптовалютын сурталчилгааг хориглоно

Хайлтын тэргүүлэгч компани ирэх 6-р сараас эхлэн криптовалют, түүнтэй холбоотой онлайн зар сурталчилгааг хориглоно гэлээ. Үүний дараа биткойны ханш ес орчим хувиар огцом буурчээ. ‘Facebook’ 1-р сард  ижил шийдвэрийг гаргаж байсан ба тэд хэрэглэгчдээ болзошгүй санхүүгийн эрсдлээс сэргийлж байна гэсэн юм.


Британи Оросын дипломатуудыг улсаасаа гаргана

Ерөнхий сайд Тереза Мэй ирэх долоо хоногт 23 Орос дипломатыг улсаасаа хөөнө гэлээ. Тэрээр Оросын тагнуул асан Скрипалыг охиных нь хамт сэтгэцэд нөлөөлөгч бодисоор хордуулсан хэрэгт Оросыг буруутган ийм шийдвэрт хүрсэн байна.


ЕХ Хойд Солонгостой нууцаар уулздаг байжээ

Европын холбооны төлөөлөгчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар сүүлийн 3 жилийн турш 14 удаа нууц уулзалт хийсэн гэж мэдэгдлээ! Мөн тэд ойрын хугацаанд Бельгид уулзахаар төлөвлөжээ. Нууцаа олонд дэлгэсэн шалтгаан нь ирэх 5 сард болох Трамп-Кимын уулзалтыг дэмжих зорилготой гэв.


Таны сонорт


Өдөрт нэг алим идснээр улаан хоолой, уушги, бүдүүн гэдэс, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.


Өдрийн тойм Статистик


 Дэлхий дээр 600 сая орчим муур байдаг.


Өдрийн тойм Сошиал