Италийн Венец бол усан дундах арал дээр анхнаас нь барьсан хот. Гудамжаар нь ус горхилон урсаж, түүгээр нь сэлүүрт завины такси үйлчилж хүмүүсийг хүссэн газарт зөөвөрлөн хүргэдэг тээврийн үйлчилгээ энд хөгжжээ. Дундат зууны Венецийн завьчин таксичид, өвөр хоорондоо холбоо барихын тулд өнөөдрийн дуурийн дуучдын арга барилаар цээжний хөндийгөөр амьсгаагаа гарган аялгуулан бие биенээ дууддаг байж. Тэгэхгүй бол багалзуур дээрээ ачаалал өгч хашгирч дуудсан үг өгүүлбэр нь хэтэрхий нам дор газар байгаа усан мандалд цохигдон хол дуулдахгүй, огт цуурайтадгүй байна. Өөрөөр хэлбэл, “багалзуураар” дуугардаг нийтийн дуучдын аялсан дуу, хашгирсан үг өгүүлбэр Венецийн хаа нэг усан гудамжид яваа сэлүүрт завьчин таксичинд үл хүрэх байгаль цаг уурын онцлогтой. Тэртээ цаг дор завьчин таксичид, зүгээр л “тэрээ энээ” гэж бие биенээ дуудах нь уйтгартай учраас, манай “хүрэн буурьтай тэмээгээ хураана аа гэсэн чинь яалаа даа,..хүрэн буурьтай тэмээ нь ус руу ороод чадсангүй ээ” гэдэгтэй төстэй харилцаа дуу зохион бие биетэйгээ харилцаж эхэлсэн байдаг. Энэ нь дуурийн дууны үүсгэл болсон агаад, улмаар гала шоу наадмын үеэр театрын тайзны бүтээл болон төгөлдөржсөн замналтай. Венец хотын хөлсний таксийн жолооч - сэлүүрт завьчид дэлхийн сонгодог урлаг дуурийн үндэс суурийг хэрхэн тавьсан тухай бүдүүн тоймоор ийнхүү өгүүлж болох юм. Дуурийн анхны театр Венец хотод 1637 онд үүдээ нээсэн.

Өнөөдрийн тухайд коронавирусийн цар тахлын голомтоор Итали улс нэрлэгдэж байгаа бөгөөд одоогоор 128 мянга 948 хүн уг өвчний халдвар авч, 15 мянга 887 нь хорвоог орхиод байна. Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Венецийн сэлүүрт завьчдын “Row Venice” клубын гишүүд хотынхоо иргэдийн интернэтээр захиалсан жимс, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр хүргэж эхэллээ. Зураг дээрээс тус клубын гишүүн Елена Алманси, Жулиа Таглиапиетра нар урьд өмнө нь жуулчид бужигнаж байдаг, одоо коронавирусээс үүдэж эл хуль болсон усан гудамжаар ээлжит үнэгүй хүргэлт хийхээр довтолгож явааг харж болох юм.