Италийн профессор Филиппо Равизза “Олон улсын хуримтлалын өдөр”-ийг анх 1924 онд зарлан тунхагласнаас хойш дэлхийн олон улс оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Монгол Улс энэ оноос “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд жил бүр тэмдэглэхээр болж Хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсон билээ.

 Дэлхий даяар хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахаас гадна хүүхэд багачуудад бага наснаас нь эхлэн хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлал үүсгэх дадал хэвшлийг бий болгохыг зорьдог. Энэ утгаараа Монгол Улсын хэрэгжүүлж буй “Дэлхийн хуримтлалын өдөр”-т ЕБС-иудаас гадна цэцэрлэгийн хүүхэд, багачууд ч бас нэгдлээ. Тодруулбал, хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгогч Монголын анхны цэцэрлэг болох “Бяцхан санхүүч” цэцэрлэг нэгдэж Дэлхийн хуримтлалын өдрийг өөрсдийн хийж, бүтээсэн зүйлсээ зарж олсон мөнгөө банкны хадгаламжид хийх зорилгоор тэмдэглэлээ .

 

Эх сурвалж: https://mongolbank.mn