Өнгөрсөн 24 цагийн хугацаанд олон улсын хэмжээнд "Covid 19" халдварын нөхцөл байдлыг ДЭМБ дөнгөж сая мэдээллээ. Өвчний голомт хамгийн ихээр нэмэгдэж байгаа Итали улсын хувьд өнгөрсөн 24 цагийн дотор 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын өвчний голомт гэгдэж Ламборди мужид нөхцөл байдал хүндэрсэн хэвээр байна. Эмнэлгийн ор, ялангуяа эрчимт эмчилгээний ор маш их дутагдалтай байгаа аж.

ХБНГУ-д шинэ халдварын 2000 гаруй тохиодлол бүртгэгдсэн бол нас баралт ес байна. Тус улсын хувьд шинэ халдвар тасралтгүй өсч байгаа учраас эрсдлийн үнэлгээг шинээр хийжээ. Ингэснээр Герман улсын хэмжээнд халдварын эрсдлийн зэргийг өндөр болгож нэмэгдүүлээд байна. Одоогоор 500 гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч ойрын хэдэн өдрүүдэд өвчний халдвар гурав дахин нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Герман улсын Засгийн газраас иргэддээ хандаж өөрийн улсын нутаг дэвсгэрээс гарч явах буюу бусад улсын нутаг дэвсгэрт зорчвол амь насанд аюултай гэдгийг сануулж байна.

БНХАУ-ын хувьд ч яг энэ төрлийн анхааруулгыг иргэддээ өгсөөр байна. Тус улсын хувьд өвчний шинэ халдвар гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол нэмэгдсээр байгаа нь анхаарал татаж байна. Сүүлийн дөрвөн өдөр дараалж гадаад улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлын тоо дотоодын шинэ халдварын тооноос давжээ. Тиймээс Хубэй муж төдийгүй улсын хэмжээнд гаднаас ирэх зорчигчдыг 14 хоног тусгаарлах үйл ажиллагааг чангатгахыг анхааруулжээ.

Тэгвэл АНУ-ын хувьд баруун Вержиния мужид "Covid 19" халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр тус улсын хувьд 50 мужид халдвар бүртгэгдээд байна. Калифорни мужид бүх сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Ингэснээр 6.1 сая хүүхэд сургууль завсардаж гэртээ байна. Цаашид ч энэ хориг үргэлжлэх төлөвтэй байна.

ДЭМБ-аас онцолсноор "Covid 19" халдвар арлын улсуудад нэмэгдэж байгааг дуулгаж байна. Түүнээс гадна Африкийн бүсийн орнуудад нэмэгдэх хандлагатай байгаа аж. Европын бүсэд өнгөрсөн 24 цагийн дотор 8507 тохиолдол шинээр нэмэгдэж нийт өвчлөл 64189 болж, нас баралт 3208 бүртгэгджээ. Номхон далайн бүсийн орнуудад өнгөрсөн нэг хоногийн дотор 289 тохиолдлыг шинээр бүртгэж нийт халдвар тээгч  91779 болж байна. Нас баралт 3357 байгаа аж. Ингэснээр дэлхийн хэмжээнд 179.000 хүн халдвар аваад байна.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ