Жо Байден лхагва гараг, Нэгдүгээр сарын 20-нд Капитолын ордны өмнөх талбайд Ерөнхийлөгчийн тангараг өргөж АНУ-ын түүхэн дэх 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноо дэлхий даяар зарлан тунхаглана. Уламжлалт үгийг уншиж тангараглахдаа Библийн судар дээр гараа тавьдаг журамтай.

АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс манайхаар оройн 23.00 цагийн үед болох Тангараг өргөх төрт ёсны үйл ажиллагааг даргална. Коронавирусийн цар тахлын тархалт, мөн арваад хоногийн өмнө Д.Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орж үймээн дэгдээсэн зөрчил дахин давтагдахаас сэргийлж, энэ удаагийн ёслолд урьд өмнөх үеийнхээс харьцангуй цөөн тооны зочдыг оролцуулахаар урьсан ажээ. Түүнчлэн Тангараг өргөсний дараа болдог хүлээн авалтын цайллагыг цуцалсан байна. Ёслолын үеэр АНУ-ын Төрийн дууллыг бүхний танил Леди Гага гоцлон дуулах бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг агсан, мөн Коронавирусийн цар тахлын хохирогчдын дурсгалд зориулсан арга хэмжээ болох аж. Аюулгүй байдлыг хангах зорилгоор Үндэсний гвардийн 26 мянган цэргийг Вашингтон хотод байрлуулсан ба тэднээс арваад мянга нь Капитолын Конгрессын ордны  хамгаалалтад гарсан байгаа.