ЭМЯ-наас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ /03.23/ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдвар авсан гэх 10 хүний эрүүл мэндийн байдлыг танилцуулав. Тэрээр “Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн. Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ” гэв. Түүнчлэн тэрээр “ Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэв.

Эх сурвалж:www.udriintoim.mn М.ӨНӨР