Бямбын Ерэнтэй

Маршал Х.Чойбалсан 1925 оны хавар “Ардын цэрэг” сонины №3-т жанжин Д.Сүхбаатарыг нас барсны нэг жилийн эмгэнэлт өдрийг тохиолдуулан “Ган төмөр мэт мохолтгүй баатар зоригт гавьяат жанжны гайхамшиг дуурсалтай явсан дурсгалын товч өгүүлэл” нэртэй дурсамж нийтлүүлжээ. Дурсамжид Д.Сүхбаатараас журмын нөхдөдөө хандаж хэлсэн үгийг эшлэл болгон нийтэлсэн байдаг.

Жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан 1946 онд барьж Улсын баяр наадмын өмнө долоодугаар сарын 8-нд нээлтийг хийсэн. Тус хөшөөн дээрх, бид бүгдийн сайн мэдэх үг өгүүлбэрийг дээр дурдсан маршал Х.Чойбалсангийн дурсамж өгүүллээс сонгож авсан.
Дурсамжид “...Гавьяат нөхөр Сүхбаатар зүрхний толийг дэлгэж сэтгэлийн лянхуаг нээн сурган жолоодож сэнхрүүлэн ухуулж гэгээрүүлэн сүслэн таниулсан үг буй. “Тэнгэрийн доор дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч, нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдөр түлхэн өссөөр бие тэгшрэн санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн мунхаг адилгүй, хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна.

Түүнчлэн “БИДНИЙ УЛС ЭВ САНАЛЫГ НЭГТГЭН НИЙТ НЭГЭН ХҮЧИЙГ НИЙЛҮҮЛЭН НЭГЭН ЗЭРГЭЭР ЗОРИГЛОН ХӨДӨЛБӨӨС ҮЛ ХҮРЭХ ГАЗАРГҮЙ БӨГӨӨД МЭДЭХГҮЙ БА ЧАДАХГҮЙ ХЭМЭЭХ ЯВДАЛ ОГТ ҮГҮЙ БОЛЖ, гадаад дотоодын эзэрхгийн савраас гарч, учрах зовлонгүй болж ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙГ ОЛЖ БОЛОХЫГ ДАН ГАНЦ БИДНИЙ СЭТГЭЛИЙН ЧИН ЗОРИГ МЭДНЭ. Ташаа үгүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” хэмээх зэргээр сэнхэртэл ухуулсан” гэж бичсэн байгаа.
Ташрамд сонирхуулахад, жанжин Д.Сүхбаатараас боловсрол гэгээрлийн сэдвээр “АЛИВАА ХҮН СУРАХ ЧИГЛЭЛИЙГ ЭРХЭМ БОЛГОВОЛ ХАНДАХ ЗҮГ ӨӨРӨӨ ТОГТОНО” гэж хэлсэн үгийг маршал Х.Чойбалсангийн энэ дурсамж нийтлэлээс эшлэл болгон авсан байдаг.